Translate

Sunday, March 11, 2018

Хатан бүүвэй баатар /домог/

                             Хатан бүүвэй баатар /домог/

   Эрт урьд цагт халхын Аралдай тайж гэж байжээ. Аралдай тайжийг алс газар явж байхад нь өөлдийн шар баатар хаан ирж мал хөрөнгө, авгай хүүхдийг нь дээрэмдэн өөрийн нутагт авч явжээ. Хааны зарц өвгөн эмгэн хоёр дээрэмдсэн үхэр сүргийг нь тууж явж гэнэ. Нэг шөнө үхрээ хурааж хэвтүүлээд унтаж байтал үхэр дотор нь нялх хүхэд уйлахад ихэд гайхан хоёулаа гарч харжээ. Нэг том шарны эвэрт өлгийтэй хүү өлгөсөн байж гэнэ. Өвгөн эмгэн хоёр үр хүүхэдгүй байсан учир их л олзуурхан авч, хүүг тэжээж өсгөхөөр шийджээ. Ингээд уул нутагтаа иртэл өдөр нь үхрийн эвэрт өлгөж, шөнө нь гэртээ оруулж, хуурайлж асарсаар гэртээ авчиржээ.
   Хүү өсөж торниод суүлдээ хааны адууг малладаг болжээ. Хүү ч чөмөгтэй хулсан уурга барьж, монгол дээлийн энгэрийг задгай тавьж монгол ардын дуу аялан давхидаг байж гэнэ. Үүнээс өөлдийн шар баатар хааныхан сэжиг авч өвгөнийг байцаахад:
-Дайнд сүйрсэн нэгэн эмэгтэй амь зугатан гарахдаа үхрийн эвэрт өлгийтэй хүүхдээ өлгөөд явсныг олж авч тэжээж хүн болгосон билээ. Энэ хүн холын хүн гэдгээ мэдэх ёсгүй. Тэгэхээр энэ хүүг хардаж сэрдэх юм байхгүй. Эмгэн бид хоёрын гарсан хүү гэж үзээрэй гэж гэнэ. Удсангүй шар баатар хаан Булгийн гурван овоог тахих болов гэж сонирхон ярилцаж байв. Өвгөний хүүгээр овоо тахих гэж байгааг өвгөн эмгэн мэдэж хүүгийнхээ сэтгэлтэй бүсгүйд сонсгожээ. Өвгөний хүү уул нь Аралдай баатрын хүү байжээ. Шар баатар хаанд олзлогдоход Аралдай тайжийн эхнэр зарцаараа үхрийн эвэрт өлгүүлжээ. Хэрэв шар баатар хаан мэдвэл энэ хүүгийн ирээдүйд дайсагнана хөнөөж магадгүй, үхрийн эвэрт өлгөөтэй явбал хэн нэгэн хүн авч магадгүй гэж боджээ.
   Хүүгийн эх, өвгөн эмгэн, сэтгэлт бүсгүй нь хоорондоо амийг нь аврах арга ярилцжээ. Сэтгэлт бүсгүй нь адуугаа манаад ирэхээр нааш явуул гэжээ. Өвгөн хүүг сэтгэлт бүсгүйнд явуулж гэнэ. Тэр бүсгүй: Чи булгийн гурван овоог тахих гэж байгаад баяртай байна уу гэж асуужээ. Баяртай байлгүй яахав гэж инээмсэглэжээ. Бүсгүй санаа алдаж баярлах юм байхгүй, чамаар овоогоо тахих гэж байгаа юм шүү гэхэд сандарч гайхан: Яагаад надаар овоо тахидаг билээ хэмээв. Аралдай тайжийг алс хол явах хойгуур шар баатар хаан дайлаар очиж, адуу мал, ард олон, чиний эхийг олзолж авчээ. Эх чинь Шарбаатар хааны эхнэр болж байна. Чамайг үхрийн эвэрт өлгөөд явсаныг өвгөн эмгэн хоёр олж үрчилж авсан юм гэжээ. Одоо эх чинь мэдсэн. Бид чиний амийг аваръя гэж шийдлээ. Чи өнөөдөр адуугаа туугаад яв. Гурван өдөр ус ч уулгалгүй, өвс ч идүүлэлгүй талд ээрч байгаад туугаад ир. Тэгээд голын зах дээр очиж мориныхоо эмээл хазаарыг авч, хазаараа дэлгэж, тохмоо дээш харуулан тавиад хараад сууж бай. Бүх адуу чинь усанд орж ус ууна. Сайн ажиглаарай. Нэг морь тал хомоолоор бааж зогсож байгаад тохмон дээр чинь ирж хөрвөөж, хазаарын чинь амгайг зууна. Түүнийг унаад ирээрэй гэж бүсгүй захижээ.
   Хүү бүх зүйлийг ёсоор гүйцэтгэж, нэгэн цагаан морийг унаж маргааш нь бүсгүйд иржээ. Бүсгүй бэлтгэсэн цай хоолоо өгчээ. Чамд шар баатар хаан:
-Овоо тахих баяр наадам болох гэж байна. Сайн морь барьж уна. Сайн дээл хувцасаа өмс гэх байх. Тэгэхээр чи морь, хувцас аль нь намайг голохгүй гэж хэл. Эхний овоог тахихад мориныхоо цулбуурыг тахимдаа хавчуулж зүүн хойшоогоо хараад суучихаарай. Адуучин хүү овоо тахилц гэхээр шууд мориндоо мордож Аранзадын унага харайх боллоо. Аралдай тайжийн хүү харих цаг боллоо гээд овоог нь бугуйлдан унагаад зүүн хойшоо зугтаарай. Чамайг тал талаас чинь барих гэх байх. Чиний морь гүйцэгдэхгүй явна. Олон хоног хөөнө чи ядарна. Нойр хүрэхээр нь энэ гурван ташуурыг хоёр гартаа барьж, дунд баримыг эмээлийн бүүрэгэн дээр тавьж унтаад яв. Бүүрэгнээс ташуур чинь мултарч чамайг сэрээнэ. Ам чинь цангаж гэдэс чинь өлсөнө. Энэ богцонд хийсэн жижиг хуруудыг хүлхээд яв. Унд ч болно хоол ч болно. Тарвага нь хэвтээ хошгирч байгаа газарт бууж амарч болохгүй. Тэр хүний нутаг шүү. Босоо хошгирч байгаа тарвагатай нутаг өөрийн чинь нутаг, тэнд бууж амарч болно. Аав чинь алуулах биз. Харин эх чинь энэ бүсгүй мэнд байж болно. Эднийг дайсны гараас аврахыг бодоорой гэжээ. Чиний морь жинхэнэ хүлэг морины шинж бүрдсэн, тал хомоолоор баадаг, ус бараг уудаггүй, их таргалдаггүй тоосоо үзвэл зогсохоо мэддэггүй юм. Чиний хазаарын амгай битүү учир зогсооход хичнээн татсан ч заарахгүй гэж захижээ.
   Сэтгэлт бүсгүй нь: Манай ахын гурван алд урт биетэй шарга гүү бий, тэр чиний морийг гүйцэж мэднэ. Болбол ахад би хэлж би түүнийг барьж уная. Хожим хойно ямар ч байдалтай уулзаж болно. Үүгээр хоёр биеэ танья гэж нэгэн зоосыг дундуур нь хувааж хагасыг нь өгч, хагасыг нь өөрөө авчээ. Тэгээд хүү мориндоо мордов. Бүх үйл явдал өвгөний хэлсэнээр болж овоог бугуйлдаж татаж унагаад тал талаас нь дайран эмээлийн гөлөмнөөс татахад гөлөмний жаран зүйлээр нааж хийсэн тул учир зүйдэл бүрээр тасарчээ. Морин дээрээ унтаж хуруудаа хүлхэж явсан боловч бие нь ядарч явж. Бараа тасраад хэд хоносон хойно яаж гүйцэхэв гэж бодоод таврага хэвтээ хошгорч байсан нэг газарт хэвтээд унтжээ. Нэг сэрэхэд морины төвөргөөн сонсогдоход босож харвал хэдэн морьтой хүн ирж явжээ. Дэргэдээс нь зугтаад гүйцээгүй юм, ийм холоос зугтахад яаж гүйцэхэв. Миний морь бага ч гэсэн амарсан гээд мордоод ухас гэсэн чинь морь нь чөдөртэй юм шиг явдаггүй гэнэ. Юунд бууж унтав даа ингээд баригддаг байж гэж бодоод харсан чинь хамгийн түрүүнд шарга морьтой хүн хол зайтай явж байлаа. Гэтэл эмэгтэй хүний дуу гарч, чи эр хүн байж эмэгтэй хүнээс дор яасан, юм санадаггүй юм бэ? Өвөртөө байгаа тулгын дөрвөн чулуунаас авч хая гэжээ.
   Өврөө уудалсанд хэтэн дотор нь дөрвөн чулуу байжээ. Гурвын нь авч хаяхад морь саадгүй давхижээ. Үүнээс хойш монгол хүн хэтийн цахиурыг тэгш тоотой хийдэггүй, сондгой тоотой хийж заншсан түүхтэй гэнэ. Шарга морьтой нөгөө бүсгүй ойртож ирээд одоо босоо хошгорч байгаа тарвагатай газар очиж амраарай. Би чамайг гүйцээгүй болоод хоцоръё. Сайн яваарай гэж хоолой чичрэн холдсоор хоцорчээ. Хүү хэдэн өдөр шөнө давхисаар бас ядарсан боловч хэвтээ хошгорч байгаа тарвагатай нутагт бууж амрахгүй явсаар арай гэж нэг босоо хошгорч байгаа тарвагатай газар ирж унтаж өөрөө амарч, морио амараагаад цааш явжээ. Хэдэн өдрийн дараа нутагтаа ирж аавтайгаа уулзжээ. Аав хүү хоёр шар баатрынхан дайтахаар ирнэ гэж цэрэг зэвсэг хуралдуулж, Өөлдийн шар баатар Аралдай тайжийн хүүг нэхэн иржээ.
   Шар баатар бүх цэргээсээ гурван хоногийн урьд явдаг, нэг унтахаараа гурван хоног унтдаг гэдгийг Аралдай тайжын хүү тагнан туршиж мэджээ. Гэтэл шар баатар хаан цэргүүдээсээ гурав хоногоор түрүүлж ирээд, дэргэдээ сэлэм, буу, жадаа тавьж алтан бариултай сэлмээ нуруун доороо хийгээд унтсан байхад Аралдай тайжийн хүү ирж бууг нь авч зүрхэн тус нь буудсан ч буун сум даасангүй гэнэ. Шар баатар хаан буун дуу гарч, дарь хүхрийн үнэр гарав уу? гэсээр өндийхөд нь жадыг авч өрцийг нэвт жадлан газартай хадаажээ. Тэгтэл нэг гараараа нуруун доорх сэлмээ сугалан авч Аралдай тайжийн хүүгийн хүзүүн дээр тавилаа. Хүү огт хөдөлж чадсангүй. Шар баатар хаан хэсэг харж байснаа:
   -Чамайг ингэж сэм ирнэ гэж даанч санасангүй жадлууллаа. Түүнээс биш чи намайг дийлэх чадал байх ч үгүй. Одоо ч гэсэн чи миний сэлэмнээс гарч чадахгүй. Хоёр баатар нэг газар үхэж байсан түүх ч байхгүй. Иймээс би үхье. Би чамайг алчихаад цэргээ иртэл амьд байж чадна. Гэхдээ нэвт жадлуулсанаас болж жад авахаар үхнэ. Чи миний цэргийг хөнөөлгүй буцаагааарай. Одоо миний жадыг ав гэжээ. Аралдай тайжийн хүү жадыг сугалж авахад өөлдийн шар баатар хааны амь гарчээ.
   Аралдай тайжийн хүү өөрийн цэргийг байлдахад бэлэн болгоод өөрөө шар баатар хааны цэргүүдийг угтан очиж буулгаж авчээ. Ингээд төрсөн эх, сэтгэлт бүсгүйгээ, албат ардаа авч эх нутагтаа буцжээ. Үүнээс хойш ойролцоо хаадаас довтолгоо хийхэд Аралдай тайжийн хүү өөрийн цэрэг зэвсэг дээр өөлдийн шар баатрын хааны цэргийн хүчтэй хавсарч удаа дараа хатуу ширүүнээр бут ниргэх болжээ. Ингээд нэр алдар нь цуурайтаж Халхын "Хатан бүүвэй баатар" гэж олноо алдаршжээ. Үүнээс болж нялх хүүхэд ч хатан баатар ирлээ гэхэд мэдэж уйлахаа больдог гэсэн домог үүсчээ. Тэгээд хүүхдийг уйлахад Бүүвэй ирлээ гэсэн дохио болгож "Бүүвэй, бүүвэй" гэх болж бүүвэйн дуу үүссэн домог гарчээ.
www.urlag.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Цамхгийн цагаан салхи

                             Б.Догмид: Цамхгийн цагаан салхи /тууж/

  Наран саран хоёрын хооронд зундаа улайсч өвөлдөө царцдаг бидэрт хонгор манхны элс, бодол адил аниргүйхэн нүүдэллэдэг өмнийн хөлгөн их говьд Цагаан элс хэмээх нэртэй цайдам их хөндий бий. Хужир, мараа  ургасан их их шал тойром, сүм дуганын хана, хэрэмтэй андуурам салхи бороонд идэгдэн элэгдсэн нүцгэн улаан цав, элс манхан, бут шаваг үргэлжилсэн цагаан элс хэмээх тэр их цайдам хөндийд үзээгүй хүний ой тойнд багтамгүй, дор нь очоод өлийн харж гэмээнэ малгай унан, толгой эргэмээр өрмийн хэдэн өндөр цамхаг байдаг. Хялганын саадаг хөндөх салхи савиргүй дулаахан өдөр ч гэсэн тэр цамхгуудын оройд жавар, салхи орогнон сэрүү татаж байдгийг түүний дээр гарч үзээгүй хүн яахан мэдэхсэн билээ. Эргэн очихгүйгээр үхэж болохгүй газар шороо гэж хүнд байдагсан бол Халтархүүгийн хувьд тэр газар нь мөнөөхөн Цагаан элсний хөндий мөнөөсөө мөн билээ.
Насан туршдаа борви бохисхийлгүй сайн, муу хэлэгдэн хоёр гарынхаа хүчээр хэдэн хар толгойгоо тэжээсээр арай чүү тэтгэврийн насанд хүртэл Халтархүүгийн цээжинд гучин хэдэн жил сумны хэлтэрхий адил хадгалагдан шаналгаж явсан нэгэн эмзэг бодол өдөр өнгөрөх бүр өвчин орох мэт хөндүүрлэн амар жимэр суулгахыг болив.
Хоёр нарны хооронд гэр ажил хоёрынхоо дунд яарч, энэ тэр лүү самгардан гүйж явахад бараг мартагдан шарх сорви нь бага багаар анин эдгэж байсан тэр эмзэг хөндүүр бодол яг тэтгэвэрт гараад одоо л нэг амар жимэр хэвтэж ясаа жаал амраая гэтэл бие, эм хоёрт дассан архаг хууч өвчинтэй хамт сэдэрч сүүлийн хэдэн сард Халтархүүг бараг л нойр хоолноос гаргажээ.

Ямар хүн алчихсан биш, төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр хэзээ ч бүтэхгүй шал дэмий юмны хойноос аашныхаа мууд муу биеэ зовоогоод яана. Бодох санах юмгүй хэдэн жил химэнд идэгдсэн хэдэн ясаа амраагаад хайрцагт орвол болоо биш шүү. Надаас хэн ч түүний өр төлөөсийг нэхээгүй.
Би ямар улс орны жолоо атгалцсан эрх мэдэлтэй төрийн сайд, дарга биш. Өөртөө огтын хүртээлгүй хэргийн төлөө ингэтлээ санааширч тав тохь алдан өөрийгөө болон дэргэдэх хань ижлээ зовоохын хэрэг юу байна гэж санахдаа мөнөөх гайтай хөөтэй бодлыг цээжнээсээ гарган хаяхыг хичээгээд хичээгээд чадсангүй.
Үхэхдээ хүртэл өглөг, авлагаа цайруулж, сэтгэлээ түвшитгэсэн хойноо нүд аньдаг Монгол хүний мах цусанд шингэсэн араншин ч юмсан уу, аль эсхүл амьдралын элдэв адармаатай нугачаа, алдаа оноо, зовлон жаргалын алинд ч эвдрээгүй дүн нуруутай эр хүний ацаг, хариу санадаггүй гүдэсхэн зан хоёрын алин болохыг ялгахын аргагүй.
Ямар ч л байсан мөрөөдөл, дурдатгал хоёрын дунд мөлхсөөр яваад дуусдаг эгэлхэн хүний ёс, хувь тавилан байхаас зайлахгүй.
Олон сарын өмнөөс амьхандаа аян замд бэлтгэн муу хуучин тэргээ засч, шинэ, хуучин сэлбэг цуглуулсаар бүх юм санаанд багтан, жин тан болоод ирэв.
Ингээд хэд хоногийн өмнө эхнэрээ хориглосоор байтал үнэн худал хэлж, өөрийнхөө санаснаар зүтгэсээр байгаад аян замд гарчээ.
Зүүд нойрны үзэгдэл үү гэлтэй жин үдийн морин зэрэглээнд газраас тэнгэрт цоройлон тасарсан нефтийн хэдэн хуучин цамхгийн барааг алсаас олж хараад Халтархүүгийн зүрх догдлон хуучин муу тэрэгнийхээ хаазыг тултал гишгэн хөдөлгүүрээ ээрүүллээ.
Өвгөн ингэж гурав дахь хоногийнхоо үдээс хойш зорин гарсан газартаа ирлээ. Зуны дунд сарын хүнд халуун агаар мөр дарах говь нутгийн намхан шаргал тэнгэрийг баганадсан энэ хэдэн цамхгийг нэг их үнэтэй цэнэтэй юмаа говьд орхичихсон хүн шиг мөн ч олон шөнө сэтгэлдээ сүүмэлзүүлэн зүүдэлсэнсэн.
Араасаа зүүсэн хөнгөн чиргүүл дээр аяны жижиг майхан, бензин тос, тогоо шанага ачсан Газ жаран долоо машин урд өмнө тэрэг чарга явж хагалаагүй элстэй энхэл тонхил замаар утаа тоос манарган хүнд араагаараа зүтгэнэ.
Тэргээ замын эргэлт тохой дээр шарван хүч алдах тоолонд хааз гишгэсэн хөлөө үл мэдэг чичирхийлэхийг харсан Халтархүү жолоогоо хариулан мушгих зуураа “Хавар мөс нимгэрсэн үед далайн замаар, хар цагаан хилийн заагаар явж байгаа юм шиг хөл чичирдэг нь юу ч вэ дээ” гэж дургүйцэн бодлоо. Өмнөөс үлээх эртний танил, давс шорвог амттай хуурай халуун салхи түүний бууралтсан санчиг үсийг сэрвэлзүүлэн хийсгэнэ.
Хурам хурмаар довтолгон ойртох бүр, цамхгийн орой өндөрших бүр Халтархүүгийн зүрхэнд ер бусын хөг аялгуу эгшиглэн догдолж харахаас царай муутай хуучин муу “жаран долоо” бас эзэн шигээ сэтгэл хөөрөв үү гэлтэй биендээ байшгүй их хүч гарган тоосон дунд дэгдэж буух жижиг чиргүүлээ дугтчин хурдаллаа.
Эхийгээ харсан унага адил бөмбөлзтөл давхиж явсан хөнгөн тэрэг замаас гарч Цагаан элсний хэдэн цамхаг өөд эргэлээ. Халтархүү хурдаа хасан аажуухан явсаар хамгийн наад захын цамхгийг нар зөв тойроод түүний сүүдэрт очиж зогслоо.
Наранд халсан нефтийн танил дотнохон үнэрээс гэнэт тавин хэдэн оны нар салхи, өвс ургамал ханхлаад явчих шиг боллоо.
Халтархүү явган гүйж ирсэн мэт оволзох амьсгаагаа түр зуур намдаах гэхдээ машинаасаа буулгүй жолоогоо дэрлэн нүдээ аниад зүрхнийхээ цохилтыг чагнан хэдэн мөч сууснаа тэрэгнээсээ буулаа. Тэгээд цамхаг руу гүйх шахан очиж цооногноос асгарсан нефтинд хуруугаа хүргэн үнэрлэв.
Гал халуун наранд зээр гөрөөс байтугай зэрэглээ хүртэл хөлрөн цангадаг энэ ээрэм их говьд он жилийн салхи шуургыг үл ажран эрхэмсэг бардам тэргүүнээ өргөн зам харгуйн үзүүр ширтэн торолзох энэ хэдэн цамхгийн барааг үхэхийнхээ наана харах л гэж Халтархүү хорин өртөө газрын чанадаас энд ирэх нэг их чухал ажилтай хүн шиг муу тэрэгнийнхээ тэнхээгээр зүтгүүлсээр иржээ.
Тэр газраас нойр хоолоо хасан байж тэмцэж ирснийх,энэ хэдэн цамхагтай ганц үг сольдогсон бол бас яахав гэхсэн. Гэтэл тийм юм байхгүй. Хаана ч хайхрах эзэн, данс бүртгэл байхгүй болсон энэ цамхгуудыг учир үл мэдэх хүмүүс алсаас харвал хэдийд босгосон юу юм бол, аль нэгэн цагт үйлдвэр уурхайн яндан байсан юм байхдаа гэж гайхаад л өнгөрөх биз.
Гэтэл шат, тагт дээр нь шувуу үүр өндгөө зассан эдгээр хэдэн зэвэрсэн цамхаг тээр нэгэн цагт хамгийн үнэ цэнэтэй ховор нандин хөрөнгө хэмээн үнэлэгдэж, алс холын Баку хотоос Монголд залагдан ирж, энэ цагаан элсний хөндийд түүнийг суурилуулж босгох ёслол дээр засаг төрийн тэргүүн сайд нар морилон ирцгээж, хүндэтгэлийн улаан тууз хайчлан нээж, гуулин хөгжимд төрийн дуулал эгшиглэж байсныг мэдэх цөөн хүний нэг бол Халтархүү билээ.
Ирсэн хүн цамхгийн суурийг тойрон явж, түүний эргэн тойронд элсэнд булагдан ундуй сундуй хэвтэж байгаа өрмийн хошуу, ган яндангууд, багаж түлхүүр сэлтийг бүртгэх мэт харамсан халагласан харцаар гүйлгэн ажигласнаа цамхгийн орой өөд саравчлан харлаа. Харганы ноостой зүйрлэм армаг тармаг цагаан үүлсийн наагуур  цамхгийн гурвалжин орой хойд зүг аниргүйхэн гулган нүүдэллэнэ. Халтархүү түүнийг сонирхон харж зогстол, гэнэт толгой эргэн золтой л савж унасангүй.
Бүл чадалтай цочмог омголон насанд тавиад алд энэ өндөр цамхгийн орой дээр хамгаалалтын бүс хийлгүйгээр залуу ирвэс хаданд асахын адил гүйх шахам гардаг байсан хүн одоо түүний дээр гарах нь бүү хэл дороос нь өлийж хараад толгой эргэн унах гэж байдаг хэмээн харамсан бодсоноо хоёр гараараа нүүрээ даран, нүдээ анилаа. Тэгээд тэргээ асаан барагшин тос нэвчээгүй эрүүл тэгшхэн газар очиж, чиргүүлээ салгаж, ачаагаа буулган майхнаа босгоод гурван чулуу тулж, загийн мөчир гишүү цуглуулан гал асаан цай үйлээ.
Эндээс холхон саахалтын зайтай газар Халтархүүгийн хамгийн сүүлд өрөмдсөн тавин дөрөвдүгээр цооног бий. Тавин дөрөвдүгээр цооног...
Энэ бол Халтархүүгийн цээжинд гучин хэдэн жил хадгалагдан шаналгасан сэтгэлийн шарх, нэмэх ч үгүй, хасах ч үгүй чилийсэн таван жилээр таслуулж, яллуулсан шүүхийн тогтоол юм. Тэнд өвгөний нэгэн насны горьдлого, найдвар, гомдол, гэмшил булаастай бий.
Хужир мараа ургасан хуурай цагаан тойром, улайстлаа халсан элс манхан, наршин харласан гүрвүүл, хагарч хагсатлаа хатсан заг сухай өнгөцхөн харсан хангайн хүнд амьтай голтой амьтан тэсэхийн авралгүй юм шиг үзэгдэвч говийн намар шиг нас хэнзлэм сайхан улирлыг гэгээн өдөр гэрэл бариад явсан ч ертөнцийн аль ч газар орноос олохгүй. Саахалтын зайтай харагдах говийн том шаргал од, сэтгэлийн чанадад хэн нэгэн хүн дуулаад байна уу даа гэмээр гоо жавхлантай хээнцэр амгалан шөнийг энэ хүн мах цусаараа таашаалж мэдэрдэг билээ.
Өвгөн цай чанан ууж, аян замын алжаалаа тайлаад өрмийн цамхаг дээр гарч алсын бараа, ойр орчныг сонирхон хардаг юм уу гэснээ толгой эргэн унах юун магад хэмээн хаширлаад өөрийнхөө гараар хамгийн сүүлд өрөмдсөн тавин дөрөвдүгээр цооног дээр очихоор тэргээ асаалаа. Тавин дөрөвдүгээр цооног гэдэг маань тэмээ мал шөргөөсөөр байгаад ёроолын газар нь элэгдэн хонхойсон,   босоо хүний дайтай өндөр, ганц зэвэрсэн яндан.
Гучин хэдэн жилийн тэртээ Халтархүүгийн таглаад орхисон яг л тэр хэвээр бөгөөд түүний хажуу бөөрөн дээр “Цооног № 54 Д.Халтархүү 1951.9.7” гэж хийн гагнуураар урсган бичсэн үсгийг тэмээ мал шөргөөсөөр байгаад цайрдан өнгөлсөн мэт тодруулжээ. Энэ үсгүүдийг Халтархүү шоронд ачигдахынхаа урд өдөр бичиж, цооногийн янданг битүүлэн гагнаж орхижээ.
Өөрийн хүч, ухаан мөхөсдөн орхисон аваар/газрын гүнд хугарсан яндан/-ыг хожмын өдөр хэн нэгэн хүчирхэг багаж барьсан эрдэм мэдлэгтэй хүн ирээд авч юун магад гэж горьдохдоо ийнхүү тэмдэг тавин нэр усаа бичсэн юмсанж.
Халтархүү цагаан элсний хөндий дэх энэ цооногийг хорин настай хонгор зүстэй байхдаа анх амлан авч өрөмдөөд шөнө үүрэглэж байж өрмөө хугалаад нэг мөсөн баларсан. Бага залуугийн дэвэргэн зангаар бүхнийг сэтгэлчлэн бүтэх юм шиг бодон өрөмдье л гэж өрөмдсөнөөс биш хожмын өдөр ямар ял, шагнал сонсох тухай даанч зүүдэлсэнгүй.
Тэр үед аливаа их бага ажил түүний цээжинд багтан, гарт баригдаад байдаг “өвчтэй” байжээ. Хайгуулын ангийн дарга нэг өдөр Халтархүүг дуудан итгэж найдсан хүний дуугаар:
-За Халтархүү минь би чамтай нэгэн зүйлийг ярилцъя гэж бодоод дуудуулсан юм. Юу вэ гэвэл бид анхныхаа өндөр даралттай нефтийн цэгийг оллоо. Өөрийн даралтаар хүчтэй оргилдог ийм цэг манай улс байтугай дэлхийд ховор олддог зүйл. Иймд энэ цэгийг өрөмдөх үүргийг манай хамт олон намын гишүүний чинь хувьд танд даалгаж байна. Энэ бол намын даалгавар. Бидний дотор байгаа хамгийн олон жил ажилласан туршлагатай, өндөр зэрэгтэй хүн бол өөрөө учраас тэр даралттай цэгийг Халтархүү та л өрөмдөж чадна.  Энэ бол нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай ажил гэж хэлээд хайгуулын цэг, зам маршрут тэмдэглэсэн  дэлгэрэнгүй зураг гарган ширээн дээрээ дэлгэж билээ. Өндөр даралттай нефть өрөмдөнө гэдэг амь насанд ч аюултай галт уулаас ч дутуугүй хүчтэй оргилдог. Ингэж оргилохдоо дээрээ зоолттой байгаа хэдэн арван тонн жинтэй цамхгийг сууриар нь ховх татан хэдэн зуун метр хол авч шиддэг тохиолдол ч байдгийг тэр сургаар мэдэх боловч “Би чадахгүй байх” гэж ер бодогдсонгүй.
Бүх юм цээжинд багтан Монголд олдсон тэр анхны өндөр даралттай цэгийг л өрөмдөхийн тулд хорвоо дээр хүн болж төрсөн мэт өөрийнхөө хэр хэмжээнээс хэтэрсэн амгалан, сэхүүн бодолдоо баясан баярлаж билээ. Халтархүүг гадагш гарахаар эргэхэд хайгуул ангийн дарга зальжин нүдээр инээмсэглэн:
-Хэрэв чи яамны сайдын анхаарал татсан энэ цэгийг аюул осолгүй өрөмдөөд даралттай нефть гаргачихдаг юм бол тэр цооногийн дэргэд чиний нэрийг алтан үсгээр сийлж алдаршуулсан дурсгалын самбар босгоно.Тэр ч байтугай энгэр цоолж ч магадгүй гэж мэдээрэй хэмээн ам дүүрэн хэлээд амжилт хүсэн гар барьсансан.
Халтархүү газар хатгаастай янданг тойрч анх удаагаа үзэж байгаа юм шиг энд тэнд нь гаран ажиглаж хэсэг зогссоноо өөрийгөө тайвшруулах гэхдээ тамхи гарган асаалаа. Тамхиа аажуухан сорон газар шагайн суух өвгөний нүдэнд мянга гаруй метрийн гүнд хугарсан өрөмний хошуу гэнэт үзэгдэх шиг болоход золтой л цочсонгүй. Газрын доор байгаа тэр өрөмний хошууг үнэхээр харав уу аль эсхүл бодолдоо үзэв үү гэдгээ ч ялгаж ухаарсангүй. Тэр цагт залуу халуун болоод газрын тогтоц, өндөр намыг анзаарах зав ухаан байсангүй.  Харин эдүгээ хал үзэн хашир суусан хүний нүдээр шинжин харжээ суувал тавин дөрөвдүгээр цооног буй энэ бяцхан дов алсаараа их хонхордуу нууц газар байлаа. Газрын гулсалт, түлхэлцэл, халуун лав, нефтийн даралт, түрэлтийн хүчинд алсаараа доошоо суусан ч байж юуны магад гэмээр.
Нэг үйлдвэрийг байтугай, нэг улс гүрний хэрэгцээг хангах нефтийн их орд энэ цооног доор байхыг үгүйсгэхийн аргагүй. Ертөнцийн ай, савд орших эрдэнэс,  ашигт малтмалын ордыг айлын авдранд буй өчүүхэн хөрөнгөтэй адилтгах зүйл биш гэж санахаас түүнийг нээж чадаагүйдээ Халтархүү аль дивангарт насныхаа багад мөнх бусыг үзүүлсэн эхнэрийнхээ булшин дээр ирсэн хүнээс дутуугүй эмгэнэн гашуудлаа.
Хиймэл дагуулаас авсан мэдээлэл, зурагнаас үзэхэд Монголд Цагаан элсний хөндийтэй жишихүйц их нефтьтэй газар байхгүй юм гэдэг. Үүнийг хиймэл дагуулаас зураг авсан аваагүй Халтархүү аль эрт зөв совингоороо мэддэг байжээ. Саран дээр байгаа хөвхөр сэвх толбыг эдүгээ Халтархүү харах болгондоо  хиймэл дагуулаас авсан Цагаан элсний хөрсөн доорх нефтийн судал, давхаргын зураг иймэрхүү л дүр төрхтэй  байгаа болов уу гэж төсөөлөн боддог. Энэ үед олон мянган метрийн гүн дэх тэр ой, саванд багташгүй их барагшин тосны гадаргуу дээрээс ойсон цахилгаан хайгуулын чичиргээ түүний зүрхэнд газар хөдлөхийн адилаар  үе үе мэдрэгдэх шиг болдог.
Энэ цооногт  аваар хийж залуу насныхаа амьдралын алт шиг таван жилийг ял эдлэн шоронд өнгөрөөсөндөө Халтархүү ердөөчиг харамсаагүй, алдаа, нүгэл хийсэн хүн түүнийгээ алд биеэрээ эдэлж цайруулдаг ёс гэж санаад л өнгөрсөн. Харин тэр цооногийг аюул осолгүй нээж чадаагүйдээ л одоо хүртэл унаж тусталаа харамсдаг юм.
Өрөмдөөд өрөмдөөд юманд хүрэхгүй гэж санасан ч юмуу, эсхүл тийм дуусч дундаршгүй их, газрын тос байхгүй, хайгуулын  алдаа гэж санасан ч бил үү Халтархүүг хэрэгт татагдсанаас хойш энэ цооногийг хайгуулын ангийнхан дахин өрөмдөлгүй орхисон бололтой.
Их говийн дундах ганц өнчин төмөр дээр ирсэн өвгөн ийнхүү талийгаачийн булшин дээр очсоноос өөрцгүй өнгөрсөн одсон бүхнээ сэргээн бодож өдрийн хагас хэртэй тэр хавиар аргамжаатай юм шиг босч суун эргэлдээд түүний ойролцоо байдаг шандан дээр очихоор алхлаа.
Айл, мал тэр бүр нутагладаггүй энэ аглаг зэлүүд говьд өвгөний залуудаа халуун өдөр  гүйн очиж ус залгилдаг асан тэр жаахан шандыг элс дарчихаа болов уу гэсэн чинь үгүй байлаа. Дэрсний үндэс дэвсэж хавтгай чулуугаар амсарлан дүнз зааж бүүрэг гишгүүр хийсэн тэр жаахан шандны тунгалаг хархан усыг үзээд явуулын эр, хүүхдээс дутуугүй баярлан золтой л  нулимс  унагаасангүй. Юундаа ингэтлээ баярласнаа ч бодоод бодоод олсонгүй. Лав  л ундны устай боллоо гэсэндээ биш, энэ олон жил тэр шувууны нүд шиг жаахан шанд ус үерт автан, элсний нүүдэлд дарагдан алга болчихоогүйд ийнхүү дуу алдан баярласан юм болов уу даа. Энэ бол зөвхөн тугал, ботго усалдаг эгэл нэгэн шанд бус элэг, ходоодны эмгэг өвчинд уудаг рашаан болохыг өвгөн залуугийнхаа мэднэ.
Ганцхан мөчид хэдэн мянган эргэлттэй өрөмдлөгийн моторын нүсэр чанга дуунд чих дөжирч утаа, хярвас ханхалсан халуун өдөр ажилдаа улайран халууцаж цангасан үедээ энэ шандын тагнай хага ташим хүйтэн уснаас төмөр хувингаар утган залгилахад үүлэн сүүдэр дайрав уу гэлтэй магнай руу сэрүү татан нүд гэрэлтээд явчихдагсан.
Шандан дээр  онгоц, ховоотой, худгийн ус хэхэрч муудаагүйг бодоход ойр хавьд айл малтай болов уу гэмээр бөгөөд  саяхан хүн ус авахаар ирсний тэмдэг тэмээн тэрэгний тодоос тод мөр элс сайран дээр үлджээ. Өвгөн  ховоогоор ус утган яг л залуугийнх шигээ нэгэн амиар шүдээ хага таштал залгилаад алсыг ширтэн өөрийн эрхгүй санаа алдлаа.
Тээр нэгэн цагт гэрэл, чийдэн гялалзан, хөдөлгүүр нүргэлэн өрмийн яндан эрчлэн эргэж байсан цамхгийн орой дээр цагаан толгойтой элээ Халтархүүг гайхсан нүдээр харж суулаа. Шувуу урт настай амьтан.  Энэ цамхгийн үүх, түүхийг байтугай энэ шандыг хэзээ хэн малтаж гаргасныг мэднэ. Ээрэм их говийн морин зэрэглээнд эрмэл, хэрмэлийн үеийн үлэг гүрвүүл тонгочин тоглож байна уу гэмээр босон суун цогьж харагддаг энэ хэдэн эзэнгүй цамхгийн шат тавцан дээр хавар болгон элээ, хэрээ хоёр үүрээ засах гэж өөр хоорондоо булаацалдан өд сөдөө бутарган хэрүүл зодоон хийдэг бололтой тэнд тэндгүй  шувууны үс ноолуур хийснэ.
Хэрээ бүүрэлхүү олуулаа, хэрүүлч гавшгай шувуу боловч зориг зүрх мохоо хулчгар амьтан тул элээтэй олон хоног тэмцэлдэж чадалгүй түүний хүчирхэг хүнд далавчаар өд, ноолуураа бутартал нэг сайн алгадуулаад хамаг муу үг хараалаа барж дуусмагц өөр газар очиж өндөглөхөөр гуагалалдан оддог биз хэмээн хаа хамаагүй юм бодогдоно.
Халтархүү усан дээр очиж хүзүү толгойгоо угаан сэрүүцээд майхандаа  орж гудас дэвсэн хэвтэв. Аяншиж ядарсан тэр  хүн дэрэн дээр толгой тавиут нам унтах байх гэсэн чинь нойр нь хүрсэнгүй. Улайдсан элс гудас нэвт төөнөж, гал халуун нар майхан нэвт цоноод  унтах байтухай удаан ч хэвтэхийн аргагүй. Урд иртэй, эртэй явахад халууныг халуун, хүйтнийг хүйтэн хэмээн нэг их “маяглаж” яваагүй,  хэдийдээ ингэж хүүхнүүд адил эмзэг энхрий болсноо бодоод бодоод олсонгүй.
Жинхэнэ ирдэг газраа ирчихээд байгаа хэрнээ нойр хүрдэггүй нь юусан билээ. Цагаан элсний энэ агь шарилж ханхалсан хонхорт Халтархүү унтах бүү хэл юм ёсоороо болдогсон бол ясаа тавьсан ч гомдохгүй газар мөнөөсөө мөн.
... Тавин нэгэн оны зун гээд санахлаар саяын туулж ирсэн хориод өртөө газраас ч хавьгүй хол мэт. Тавин оны зун Халтархүүгийн ажиллаж  байсан геологийн анги энэ цагаан элсний хөндийд нүүн ирж анхныхаа цооногийг өрөмдсөн.
Хайгуулынхан эндээс анхныхаа газрын тосыг олцгоогоод мөнхийн ус олсноос дутуугүй баяр хөөр болцгоон тэрхүү олон жил эрээд эрээд олддоггүй нефтийг бие биенийхээ нүүрэнд түрхэн тоглоцгоож түүний дээжийг бараг мөнгөн аягаар дамжуулан амсах нь холгүй сүйд болцгоож, шөнөжингөө нефтийн бамбар асаан гармушик хангинуулан орос, монголгүй шөнө орой болтол торгон элсэн дээр хөл нүцгэн бүжиглэцгээж билээ.
Одоо эргэн санахуйяа тэр  үед Монголд нефтийн орд нээсэн хүмүүс өөрсдийгөө сансрын нисэгчийн дайтай санаж явсан гэхэд хилсдэхгүй. Хэдэн жилийн дараа тэнд Зүүнбаян гэдэг саран дээрээс ч болов мод, цэцэрлэг нь найган харагдмаар сайхан  хот сүндэрлэн боссон.  Тэр хотыг гараа хайрлалгүй барьж  байсан хүмүүсийн хэн нь ч нөгөө лусын хааны сан хөмрөг адил дундаршгүй хэмээн бодож явсан нефть маань хорьхон жилийн дараа шавхагдаж шинэ хотоо тахал гарсан мэт эзгүйрэн орхигдохын чинээ нэгээхэн бээр зүүдэлсэнгүй.
Халтархүү энэ тавин дөрөвдүгээр цооногийг өрөмдөж  байхдаа өндөр даралттай нефть тэнгэр өөд гэнэт буудан олгойдож, өрмийн цамхаг юутай хээтэйгээ бут үсэрч, гадаад далай буцалмаар  гал түймэр гарав хэмээн шатахаас наахнуур бахардан  зүүдлээд сэрэхэд майхны амаар туссан өглөөний нарны илч түүний нүүрийг төөнөн халааж байдаг.
Өрөмдлөгийн ажил хүнд, нүсэр боловч унац өгөөж ихтэй. Ажлыг өвдөх, өлсөх биегүй амьтан шиг хийцгээж, мөнгийг авсан шиг авдаг байж.
Халтархүүгийн бригад мөнөөх даралттай цэгийг сар шахам өрөмдөөд одоо л нэг нефтийн давхаргат хүрч байгаа болов уу гэхийн алдад бүх хамгаалалтыг аюулгүйн дагуу жин тан хийжээ.
Гэтэл гай газар дороос гэгчээр юм болж олон хоног нойр хоолгүй ажилдаа улайрч ядарсан Халтархүүг үүрийн үнэгэн харанхуйгаар нүдний хор гаргаад босохын хооронд эргэлт, даралт хоёрын  хүчийг тохируулалгүй хурд хэтрүүлснээс мянган метрийн гүнд яндан тасарч энэ газар дэлхийн бүх хүчтэн, ухаантангууд  цуглараад ч авч засч чадахааргүй аваар, аюул гарч  хамаг ажил нэгмөсөн нурж дээшээ тэнгэр гол, доошоо газар хатуу гэгч юм боллоо.
Газрын гүнд хугарч гацсан зуугаад тонн жинтэй тасарсан яндангуудыг сугалж хугарсан өрөмний хошууг гаргана гэдэг харанхуй, гүн далайн ёроолоос улаан гараараа сувд шүүрдэхээс долоон дор.
Геологийн ангийнхан тэр аваарыг авах гэж хамаг ур, ухаанаа шавхан бүтэн сар шахам бүс тайлах завгүй ноцолдоод  чадал хүрэлгүй арга буюу орхиж хамаг горьдлого тасран мухардав.  Энэ бүтэлгүй явдлын уур амьсгал дарагдаж амжаагүй байтал муу үг модон улаатай гэгчээр яамны техникийн комиссынхон газар дээр нь нарийвчлан шалгахаар хүрэлцэн ирлээ.
Тэгээд хуулийн болоод мэргэжлийн хүмүүс хайгуулын ангийнхны толгойтой бүхэнтэй уулзан хагас сар хэртэй шалгаад өрөмдлөгийн гурим дүрэм,  техникийн сахилга бат зөрчин хайхрамжгүй ажиллаж, хариуцлага алдсанаас улсад сая гаруй төгрөгийн хохирол учруулжээ гэсэн акт тогтоон богино хугацаанд баримт материалыг бүрдүүлэн өрөмдөгчөөр ажиллаж байсан Халтархүүг шүүхэд шилжүүлэв.
Халтархүү аймгийн төвд дуудагдан очиж эрүү үүсэн хэдэн сар байцаагдан шүүхийн үүд сахин мөрдөгдсөний эцэст ялын төлөвлөгөө хэвээр батлагдан, таван жилээр таслагдан дээлээ толгой дээгүүрээ нөмөрч билээ.
Геологийн ангийнхан Халтархүүг  хамт  олны даалтанд авч хохирлыг дундаасаа төлж барагдуулъя гэж өргөдөл гарган дээгүүр доогуургүй хөөцөлдөөд түүнийг шоронгоос ял төлбөргүй авч үлдэж чадсангүй.
Тэгээд Халтархүү олон жилийн тэртээ өөрийнхөө хайгуулын ангийн нээж олсон жоншны нэгэн ил уурхайд очиж биеэ жийрэглэх хувцасгүй шахам улаан махаараа жонш үүрэх нь тэр. Халтархүүг хэрээсээ хэтэрсэн хүнд жонш үүрээд ил уурхайн шаталсан замаар дөнгөж  хөлд орж буй  хүүхэд адил тэнцэж ядан энд тэнд  тэнтэр тунтар гишгэн алхаж явааг харсан шоронгийн харгалзагч нар:
-Эрхэм хүндэт геологич гуай минь, та өөрөө нээн алдар хүнд хүртсэн жоншоо бусад хоригдлуудад үлгэр дууриал болохуйцаар том томоор үүрээд  элдэв башир зан гаргалгүй ажиллавал хэн хэндээ өлзийтэй байх шүү. Уг нь  хожмын өдөр ингэж өөрөө улаан гараараа үүрч биендээ зовлон хураахаа мэдсэн бол та энэ ил уурхайг арай л эрт нээчихэж дээ...
– Одоо яая гэхэв. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй юм гэнэлээ хэмээн тавлан тавлан тас тас хөхөрч билээ.
Түүний үүрч яваа наян жингийн жоншноос дутуугүй энэ хүнд хатуу үгэнд гомдож зэвүүцсэн хоригдол эр бас хувиа хүнд алдахгүй гэхдээ:
Хэрвээ би энэ уурхайг нээгээгүйсэн бол чамд ийм амар хялбар хоол олдохгүй байсан ч байж магадгүй.
Би нарсанд байтугай, наранд жоншноос дутуугүй хүнд төмөр тэвэрч хоёр гарынхаа хүчээр ажил хийн  ходоодоо тэжээж сурсан эр шүү. Харин чам  шиг буунаас өөр хүнд юм  барьж  үзээгүй цагаан гартай хүн амаа хамхиж явсан чинь дээр байлгүй. Чи хэрэв миний энэ үүрч  яваа буулганд хүзүүгээ углавал жонш, хулгайч хоёрын хөлд үрэгдэнэ шүү гэж тоглоом шоглоомоор хэлээд өдрийнхөө хоолыг хасуулсан удаа бий.
Нар баруунаад ташиж бут сөөгний сүүдэр уртсан салхи сэвхийн  амьсгал авахуйц болохын алдад майханд аагим халуунаас толгой халхлан хэвтсэн өвгөн өндийж нэгэн ширхэг тамхи асаан зуугаад гадагш гарлаа.
Тэнгэрийн хормойд үүлс толгойлон хөөрөөд  оройхондоо борооших янзтай тунарсан шаргал халуун мананг өрөмдөн өдтэй сум адил салхи татуулан өнгөрөх сүрэг ногтрууны дуу хэзээ хойно болтол сэтгэл дотор тор торхийн дуугарах нь сайхан.
Урд дээр нь ажиллаж байхад нүд  дасаад тэмээ, цамхаг хоёрын аль нь өндөр болохыг ялгадаггүй шахам байсан бололтой. Олон жил барааг нь хараагүй болоод ч тэрүү, эсхүл тавин хэдэн метр өндөр гэж санаснаас ч юмуу наран сөрөг сүүдэртэн харагдаж байгаа цамхгийн оройг ажиглан ширтэхүй урд өөрөө хэзээ нэгэн цагт түүн дээр гарч байсан гэхэд итгэхийн аргагүй ой тойнд багтамгүй дэндүү өндөр харагдах ажээ.
Цамхгийн хамгийн дээд талын тагт дээрээс дөрвөн зүг найман зовхисыг ажиглан зогсоход Хашаатын говь, Цагаан элсний хөндий бүхэлдээ, түүнээс цааш  татахгүй таван өртөө газрын бараа тэнгэр газрын хөөмий хөх савлагаар уртын дууны шуранхай шиг цэнхэрлэн харагддагсан.
Сэвхийх амьсгалгүй ямар ч бүгчим халуун өдөр цамхгийн орой дээр гарахад нүд, сонсгол сэргэн их л холын болов уу гэлтэй усны үнэр унхиатай сэрүүн салхи цээж хэнхдэг рүү сэнгэнээд нүүрээ хүйтэн усаар булхсан мэт болно.
Халтархүү ийнхүү бүүр түүрхэн санаашралд автан цамхгийн оройг ширтэн зогссоноо оройд нь эс гэхэд түүний дунд хэрд гарч эргэн тойрныг нэг сайн харъя, ойр хавьд айл амьтан байна уу, үгүй юу гэж сониучирхахдаа дээр нь гарч  малгайн утаа сэргээхээр цамхаг өөд алхлаа. Гартаа бүлтэй, булчин шөрмөс уян хатан, бие хөнгөн цагт  нефтийн цамхаг дээр гарах яаруухан үед бүс тайлахаас амархан байсан. Гэтэл одоо түүний шат гишгүүрээр өгсөх бүр амьсгаа дээшлэн зүрх хөөрч, толгой эргэх янзтай.
Нэг удаа хөл алдан эвгүйхэн гишгэж гэмээ  нь түүний хоёр гар биеэ даалгүй нисэж ч мэдмээр,  алга царвуу хөлрөөд үнэхээр итгэлгүй,  барьц алдан унахад энүүхэнд санагдсан тул мань хүн арван хэдэн алд авираад эргэн тойрныг гүйлгэн харлаа.
Цамхаг дээрээс ажиглахад Цагаан элсний хөндий бас ч тийм хүн малгүй эл хуль, аглаг хээр газар биш бололтой.  Тэртээх заг бударганатай хотгорт олон тэмээний бөх, толгой сэрвэлзэн их талын хойт хормойд хоёрын зэрэг цагаан гэр зэрэглээнд цайвалзан, энтээ энгэрт олон хонь налайн идээшилж түүний захад бараан морьтой хүн явж байв.
Нохойд хашигдан боорлуулаад утасны модонд ассан муурыг санагдуулам цамхгийн шатнаас зууран тэвэрсэн олхиогүй бээрэг дүрстэй өөрийнхөө сүүдрийг өвгөн гэнэт газраас олж үзэнгүүтээ өөрөө өөрөөсөө ичих шиг болж хонь малд яваа хүн амьтан хараад дооглох вий гэхдээ хөлөө болгоомжтойхон зөөж алгуурхан доошлов.
Тэгээд газарт буусан  хойноо нэг их өндөр юман дээр гараад ирсэн мэт уртаар санаа алдан өөрийгөө шоолон толгой сэгсрэн инээмсэглэлээ. Хүн хөгширнө гэдэг ухаан чадал,  цог зориг мохон алгуур алгуурхан бүр өөртөө ч мэдэгдэлгүйгээр амьдаараа чимээгүйхэн үхэхийг хэлдэг юм байна.
Би өөрийгөө бас арай ч болоогүй байх гэж санаж явсан маань эндүүрэл байжээ. За яахав, явсан нохой яс зуув гэгчээр цамхаг дээр гарсных салхи шуурга босч арга тасарвал очиж толгой хоргодох айлын бараа харлаа. Адуу малын хүн хүрээд ирвэл намайг үзээд лав гайхах биз. Хаачиж явна гэвэл юу хэлдэг юм билээ. Хотоос рашаан залахаар явж байна гэж л хэлэхээс. Насныхаа эцэст залуудаа үйлдсэн нүглээ наминчлан хуучин нутаг дээрээ ирээд хувь заяагаа дэнсэлж сууна даа гэж ямар хэлэлтэй биш. Хүн, хүний зовлонг амар ойлгохгүй гэж бодсоноо ус авахаар хувин барин Элсэн шанд руу явлаа.
Xалтархүүг Цагаан элсэнд ирж анхныхаа цооногийг өрөмдсөнөөс хойш хорин хэдэн жилийн дараа газар доорх нефтийн нөөц дуусч Зүүнбаян хотынхон эрхлэх ажил, албагүй болцгоон толгой хандсан зүгтээ тарж явцгаасан. Тэгээд “Зүрх сэтгэлийг минь булаасан Зүүнбаян хот” гэж дуунд магтагдсан тэр сайхан хот айлын намаржааны нутаг дээр орхигдсон галгүй шавар зуухтай адил болж, ирээд буцаж буй явуулын хүн хүртэл эргэж хараад санаа алддаг байсан тэр  хотын ууган иргэд нь эдүгээ үзвэл элэг нь эмтэрч харамсмаар хөөрхий нэгэн нойрмог тосгон болон хувирч бараг газрын зураг дээрээс түүний нэрийг арчих дөхсөн.
Ай савандаа багтаж ядсан, хэзээ ч  дуусч дундаршгүй мөнөөх даралттай нефтийг Халтархүү аюул аваар гаргалгүй өрөмдөөд нээчихсэн бол нефтийн үйлдвэр хаагдан, Зүүнбаян хотын хэдэн мянган иргэд идээшин дассан ажил, амьдралаасаа хагацан үүрээ эвдүүлсэн шоргоолж адил бутарч, гэдэс тэжээх газар эрэн мөр мөрөө хөөн тэнүүчлэн одохгүй байсан  нь лавтай.
Ийнхүү Халтархүү өөрийгөө өглөө босоод л элдвээр яллан харааж үзэн ядахын цагт энэ насандаа байтугай хойт насандаа гэсгээн цагаатгаж баршгүй  нүгэлтэн болон хувирч нефтийн цамхгаас өөрийгөө боомилон үхэх ч багадмаар. Гэтэл тэрхүү нефтийн цамхаг гэдэг олон сайхан хүний сэтгэл зүрхэнд насан туршид тахигдан сүндэрлэж яваа гэж бодохоос өчүүхэн бузар амиараа тэр ариун сүлд тахилгыг сэвтүүлэн гутаахын эцэсгүй санагддаг бөлгөө.
Шоронгоос суллагдаад амь зуух ажил хайхын оронд Халтархүү шууд Геологийн яаман дээр очиж эрх мэдэл бүхий дарга нартай толгой дараалан уулзаж  Зүүнбаян хотод өндөр даралттай нефтийн их орд газар дараастай байгааг ойлгуулахыг  оролдсон боловч хэн ч түүний үгийг үг гэж тоосонгүй. Харин ч  тэр хүн үнэмшимгүй пал цүл хачин яриатай үс сахалдаа баригдсан ноорхой эрийг ухаан мэдрэл хагас өвчтэй хүн хэмээн бодоцгоосон тул доог тохуу хийж, тоглоом наадам болгоод өнгөрчээ.
Дараа нь гар хүрээгүй нефтийн их орд сан байгаа тухай  яаманд хэд дахин мэдээлэл бичсэн боловч хариу ирсэнгүй. Хожим мэдээллийнхээ хариуг  яамны бичиг хэргийн эрхлэгчээс утсаар асуусан чинь  “Бид хаана ямар ашигт малтмал байгаагаа одоохондоо тань шиг хүнээр заалгах болоогүй” гэх маягийн юм хэлээд утсаа тархийтэл хаячихжээ.  Халтархүү бас хаширсангүй. Хамгийн эцсийн аргаа хэрэглэхээр  шийдэж газар дээрх ганц хүүгээ аравдугаар анги төгсмөгц үхсэн амьдынхаа нэрийг барин андгайлах нь холгүй унан тусан хөөцөлдөж байж их сургуулийн геологи, уул уурхайн ангид арай чүү оруулан амьд явсан хүн алтан аяганаас ус ууна гэгчээр баяр хөөр болжээ.
Миний хүү геологич болчихвол би өөрөө их сургууль төгссөнөөс ялгаагүй. Хүн болж төрсний минь хэрэг бүтнэ. Геологич хүн чухамдаа суусан газраасаа шороо атган босдог, дэлхийн гүн рүү өрөмдөж байхдаа саран дээр юу байгаа бол гэж  дээшээ харж зогсдог, олсныгоо  ганцхан хар толгойдоо бус өөрийг нь хооллон хувцасладаг ард түмэндээ өвдөг сөгдөн, хоёр гардан барьдаг өглөг буяны цагаан мөртэй сайхан мэргэжил.  Хүү минь геологич гэж хэн бэ гэдгийг яс махаараа ухаарсан тэр цагт хөгшин эцгийнхээ үгийг эрхбиш сонсоно. Эцэг маань надад ер нь юу хэлээд байна вэ гэж эрэгцүүлж бодно. Миний алдаа оноо, үнэн худлын жин банг алган дээрээ дэнслэн цэгнэж үзнэ.
– Тэр цагт Халтархүү өвгөний цээжинд бэтгэрч,  Цагаан элсний хөндийд хав дарагдан мартагдсан нефтийн ордыг нээнэ.  Миний аваар хийн  оролдоод оролдоод авч чадалгүй эцэст нь таван жилийн хорих ялаар “шагнуулж” засаг төрийн хууль цаазны нүдгүй сохорт гомдон бахардахдаа тархиа шааж гараа хазаад орхиж явсан тавин дөрөвдүгээр цооногийг арав хорин мод газар өрөмддөг орчин үеийн хүчирхэг өрмөөр цоолно.
Үүнийг би  үздэггүй юмаа гэхэд  хүү маань үзнэ гэж санахад цаанаа  л нэг өег цатгалан болдог байлаа. Тэр хол газраас зорин ирснийх буцахаасаа өмнө энэ цамхгийн оройд гарч хадаг уяж бага залуугаасаа ижил дасал болсон нутаг усаа нэг сайн харж авъя. Хорвоогийн наран доор амьдарсан жаран хэдэн жилийнхээ газар дээр хийсэн нүгэл буян,  алдаа оноог  энэ өндөр цамхгийн  оройгоос нэг тонгойн харъя, газар тэнгэрийн хоорондох энэ их хөлгүй орон зайнаас бага залуугийнхаа дүр зургийг нэг олж хараад буцъя гэж бодож ирсэн.
Ингэхийн тулд өнөөдөртөө говь нутгийн хүнд халуун агаарт биеэ дасган ойр зуур алхаж амьсгаагаа задлан хөлсөө гаргах хэрэгтэй байлаа. Эс тэгвээс  сул суудалд бие алдран, сэрүүн хөнгөн агаарт  дассан, нөгөөтэйгүүр сүүлийн хэдэн жил даралт гэдэг шинэ өвчтэй болсон тул өөртөө итгэх итгэл буурч, гарын тамир барагдсанаа өнөөдөр арваад алд авираад  л мэдэв. Энэ  үед зүүн талын цамхгийн дунд хэрд  хаанаас ирснийг бүү мэт эр, эм хоёр хэрээ ирж буугаад өлөн ховдог нүдээр майхны гадаах гал  тогооны хавиар идэх уух юм, мах ясны үлдэгдэл байна уу, үгүй юу гэсэн янзтай нэвт шувт харан, хушуу хумсаа билүүдэн өд сөдөө засав. Залуу эмэгчин  хэрээ нарны гэрэл гялбалзуулсан гил хар үсээ гялалзуулан, гоо цэвэрхэн хүзүүгээ эрхэмсэг бардам өргөн эр нөхөр рүүгээ харж шувууныхаа хэлээр ийн өгүүллээ:
-Урьд өмнө огт үзэгдээгүй энэ хачин тэрэгтэй хүн хаанаас яах гэж энд ирсэн юм бол. Толгойн халх, гал тогоотой явааг бодоход  манай энд удаан суухаар  холоос зорьж ирсэн бололтой. Энэ хүн лавтай хоолны махтай яваа биз. Оройн сэрүүн унахлаар махаа сэврээхээр тэр махыг  шүүрч аваад зугтаж чадвал чи бид хоёр нэг сайн цадна даа гэж  нүдээ гялалзуулан тэсвэр алдсан янзтай гуагалан хэлэхэд царил адил урт эвэр хошуутай толгойдоо ганц нэг цагаан сор үстэй эрэгчин хэрээ:
-Чи битгий адган яарч гуагалаад бай. Хар сэжиг авахуулчихвал хоосон буцна гэж  мэдээрэй. Энэ хүнийг хоолныхоо махыг ил гаргаж тавьсан цагт яахыг би мэднэ. Холоос яваа ганц бие эр хүн буутай ч байж магадгүй. Илэрхий элэг барьж болохгүй. Би энэ хүнийг аль дивангарт хаа нэгэн газар зүс үзсэн шиг санагдаад байх юм. Бүүр нэг нүдэнд тусаад болдоггүй. Урьд арай энэ цамхаг дээр ажиллаж байсан юм биш байгаа. Хэрэв тийм бол энэ хүн хөгширчээ.  Одоогоос  олоон жилийн тэртээ энэ өвгөнтэй яг адилхан нэг сэргэлэн бор залуу энд өрөмдөгчөөр ажилладаг байсан юм. Тэр намайг цамхгийн орой дээр ирж суухаар толгой дээрээс сангас  баасаа унагалаа хэмээн ад  шоо үзэн амандаа орсон муу үгээр хараан чулуудан хөөдөг байсан.  Би түүний нэрийг даанч мартчихаж. Харин  духан дээрээ бүдэгхэн цагаан сорвитой байсныг тод санаж байна. Зураас мэт тэр бүдэг цагаан сорви энэ өвгөний магнайн олон үрчлээсэнд нуугдан далд орсон ч байж магадгүй. Чи залуу, нүд хурцтайгаараа сайн хараач гэхэд эмэгчин хэрээ эм амьтны араншингаар аашгүйтэн хормой хотоо засах мэт далавчаа савчин тагнай ташин хоолойдоо доогтой хөхөрч:
-Ямар идэх юм биш, чи бид хоёрт тэр цагаан сорвины хэрэг юу  байна гэв.
Эрэгчин хэрээ биеэ барьж чадалгүй уурлан хахир сөөнгө хоолойгоор гуагалан:
-Хэрэгтэй! Хэрэв тэр сорвит, энэ өвгөн мөн бол би  түүнтэй тооцоотой. Тэр залуудаа миний буурал далавчийг сэт буудсан юм.
Халтархүүг Цагаан элсэнд өрөмдөгч байхад түүний толгой дээр сангасаа дандаа хаядаг нэг адтай муу ёрын хэрээ байж билээ.
Тэр үед Халтархүү эхнэртэйгээ дөнгөж танилцаад удаагүй, түүнийхээ зургийг байнга халаасандаа хадгалан авч явдаг, өдөрт хэдэн удаа гаргаж хардаг “өвчтэй” байжээ.
Нэг өдөр өрөмдлөг хийж байгаад ажил түр завсарлах хооронд цамхгийн дунд тагт дээр гүйж гараад мөнөөх зургаа харжээ зогстол нөгөө шогч хэрээний ой гутам өмхий сангас хайртай бүсгүйнх нь яг нүүрэн дээр унаж билээ.
Түүнээс хойш Халтархүү тэр хэрээг үзэн яддаг болж нэг өдөр анаж  байгаад буудсан чинь амь заан оносонгүй. Хэсэг үнс, чандруу адил өд ноолуур бутраан хаячихаад нисээд явчихсан. Тэр өдрөөс хойш нөгөө шогч,  шооч хэрээ буцаж ирээгүй.
Санамсаргүй сууж байж буудуулаад хаширсан уу, аль эсхүл шархны халуун болж нэг газар үхсэн үү бүү мэд. Элээ, хэрээ хоёр хэзээ ч айл хөрш үүрээ засч өндөглөдөггүй. Хэрээ элээний бөгс өндийхийг андахгүй. Өс санан эзгүй хойгуур нь түүний үүр өндгийг  ухаж сүйтгэдэг.
Энэ хоёр хэрээ эх нь алга байвал элээний дэгдээхэйг шоглох санаатай ирснээс хол очихгүй.  Шувууны хэл мэддэгсэн бол энэ хоёрын юу гэж гуагалаж байгааг сонсох юмсан.  Лав өнгөтэй өөдтэй юм сонсохгүй байх гэж өвгөн хүүхдэрхүү дэмий юм бодсоноо босч тэрэгнийхээ тоос шороог гүвж моторын усыг нэмлээ.  Тэгээд нарны голтойд ойрын айлд очиж цайны сүү авахаар шийдэн чиргүүлээ салган орхиод бут сөөг сүлжин гэлдрүүллээ.
Гэрийн эзэн хижээл хар хүн яриа хөөрөөтэй,  бодох санах юмгүй ил цагаан санаатай эр бололтой.  Холын хүн гэнэт ороод ирсэнд илт олзуурхан хөл болох сацуу зам зуур газрын гарц зуншлага ямар байгааг сонирхон асуух зуур харанхуй шөнө ч туяаран харагдмаар хаш цагаан гаансаа нударгаараа зүлгэн Халтархүүгийн хөөрөгтэй зөрүүлэн тамхилав.
-Та тэгвэл манай элсэн шандыг их холоос зорьж ирсэн хүн байжээ хөөрхий. Манай энэ амны ус авдаг жаахан шанд чинь ач, алдар хоёр нь их  хол түгсэн ус байх нь. Хаа байсан хангайн хүн тэр газраас рашаан залахаар явж байдаг гэснээ,
- Энд ийм ачтай тустай  рашаан ус  байдаг гэж та яаж дуулаав хэмээн сонирхон асуулаа. Айлд орж аяга цай уугаад гарахын хооронд худлаа хэлээд яахав гэж санасан  Халтархүү:
-Энд ийм ус байдгийг би аль эртний мэддэг болсон юм. Залуудаа би Цагаан элсэнд нефтийн хайгуулаар явж байсан хүн гэвэл гэрийн эзний нүд сэргэн дөхөж сууснаа:
-Та чинь тэгвэл бараг нутгийн гэхээр  хүн байх нь хө, алдар хэнсэн билээ гэв.
-Нэр Халтархүү,
-Гэрийн эзэн өвөртөө нэг юм эрэн тэмтэрч нүдээ сүүмийлгэн бодол болсноо:
-Нэг их дуулсан нэр юусан билээ? хэмээн гайхахад тогоон дээрээс цай уудлан байсан эхнэр нь  бололтой залуувтархан чилгэр бор хүүхэн ирсэн хүний  нүүр рүү гайхан харж:
-Яагаав. Халтархүү гэж Цагаан элсний хойт дэвсэг дээрх төмөр дээр байдаг  нэр шив дээ гэж хэлээд үхсэн хүн босч ирснээс дутуугүй айж ширвээтсэн  нүдээр ширтлээ.
-Халтархүү ... нээрэн тийм л дээ. Даанч нэг танил нэр сонсогдоод байсан юм гэж гэрийн эзэн эрсэн юмаа олсон хүний дугаар баясангуй дуу алдаад:
-Та тэгээд тэр төмөр дээр нэр ус нь бичээстэй байдаг Халтархүү мөн юм уу гэж итгэлгүйхэн асуулаа.
-Мөөн, тэр хүн танайд биеэрээ ирээд сууж байна гэж хэлээд өвгөн гэмшингүй инээмсэглэлээ.
-Би таныг аль эрт өнгөрчихсөн хүн гэж боддог байлаа. Зайлуул даа хөөрхий, амьд сэрүүн явдаг юм байж.
Угийн мунхаг эр би пайз, төмөр дээр нэрээ бичүүлсэн хүн болгоныг нас барсан амьтан гэж санадаг толгой. Үхэж үрэгдсэн амьтны ясыг өндөлзүүлж нэр усыг байн байн уншаад яахав гэж санаад би тийм юмыг шохоорхох дургүй хүн.
Талийгаач болсон гэж бодож явсан хүнтэй амьд сэрүүн уулзах шиг ховор сайхан учрал хорвоод хаа байна. Амьд хүн алтан аяганаас ус уудаг юм гэнэлээ. Гэвч манайд алтан аяга байхгүй. Хоёулаа мөнгөн аяганаас архи уунаа хөө гээд гэрийн эзэн хоймрын эрээн авдар руугаа өндийлөө.
Хоёр өвгөн удалгүй архинд ам халж хэзээ хэзээний хуучин танилууд уулзалдсан мэт хөл хөөр болцгоолоо.
Халтархүү говийнхны ааш араншинг андахгүй. Илүү дутуу хардаггүй, бодож санах юмгүй, байдгаараа л байдаг сайхан амьтад. Авснаа ч авсан гэхгүй, өгснөө ч өгсөн гэхгүй хариу  харж сураагүй гүндүүгүй сайхан зантай. Архи уусан ч  уусан шиг уучихна.  Архи, айраг толгойд гараад ирэхийн  алдад их нүүдлийн таван ханатай гэрт улам улмаар гэгээ татан уужирч, эгшигт хайрцаг шиг “Дөмөн”-г шуранхайлан хадаамаар сайхан. 
-Амьд явах шиг сайхан юм хаана байна. Би чамайг  аль тавин хэдэн  онд үхчихсэн юм байх. Хаанахын хэний үр энд ирж үрэгдээ юм бол доо гэж харамсаж явсан юм. Амьд явах ч сайхан, архи уух ч сайхан, авгай авах ч сайхан. Би өөрөөсөө хорь гаруй дүү залуу эхнэр авсан хүн дээ. Залуу эхнэр авсан харимал эр зовдог юм гэсэн би жаргаж байнаа. Зарим нэг хүн намайг муу хэлдэг л байх. Би ер тоодоггүй. Хий атаархахдаа хэл амаа билүүдэж байгаа юм. Хэлээд хэлээд яахав дээ. Би ямар үүнээс урьд өөр амьтантай энгэр зөрүүлж явсан биш, айж ичих юм даанч алга. Гэм нь хүүхдүүд л хэнздэж магадгүй нь. Гэхдээ эр хүн ястай бол нас хамаагүй. Нас гаднаа, яс дотроо гэж боддог хүн дээ би. Түмний буянаар би энэ Цагаан элсний хөндийд дураараа галзуурч явна. Тэгэх минь яалаа, ингэх минь яалаа гэж амаа барих юм даанч алга. Хүн мэдэхгүй болохоос биш манай энэ Цагаан  элсний хөндий юм юмтай сайхан газар. Нефть дууслаа гээд гэв гэнэт Зүүнбаянгийн үйлдвэрийг татан буулгасан. Тэр бол шал худлаа. Түүний дуусч дундрахыг энэ яваа насандаа бид үзэхгүй. Та нар зөвхөн зах дээр нь хэдхэн саахалт өрөмдөөд  л буцсан улс шүү дээ гэж гэрийн эзэн тоомжиргүй өгүүлээд хуян шар усаа тараан шилээ шөргөөснөө: 
-Хориод оны эхээр миний эцэг Америкийн хөрс шинжилгээнийхэнд газарчилж явсан юм гэнэлээ. Хөрс шинжилгээ гэдэг одоогийнхоор геологи хайгуулын ангийнхан байжээ.  Америкууд Гурван Хашаатын говьд зөөврийн жижиг өрмөөр өрөмдөж байтал гэнэт их даралттай нефть олгойдон буудаад, машин тэрэг өрмийн цамхгийг нь хүртэл аваад хэдэн саахалт газар чулуудчихсан юм гэнэлээ. Бас ганц хоёр хүн ч үхэж бэртсэн гэж ярьдаг юм. Америкчууд ихэд сандарцгаан нойр хоолоо  хасан, хагас сар ноцолдож байж тэр цооногоо бөглөн газар доор  далдлан булсан юм гэнэлээ.
Нэг насаараа эрээд эрээд олоогүй өндөр даралттай нефтийн сургийг сонсоод Халтархүүгийн нүд өөрийн эрхгүй сэргэн гялалзав.
-Тэгээд Хашаатын говийн чухам хаахна өрөмдсөн юм болоо гэж сандруу хоолойгоор дуу алдлаа.
-Тэр үед би нефть байтугай алтны үнэ цэнийг мэддэггүй балчир байсан болохоороо чухам хаанаас тийм их  нефть оргилсныг асуух, заалгаад авах ухаан байсангүй. Чи бидний үеийнхэн ч юманд эзэн болох  заяагүй амьтад байхаа даа гэлээ.
Энэ үгийг сонсоод архи толгойд гарч маналзаад нүд бүрэлзэв.
Өнгөрөн одсон бүхэн орон гаран сүүмэлзэх Халтархүүгийн сэтгэлийн манан дундуур их  говийн угалз салхи адил тэнгэр хатган олгойдох нефтийн өндөр багана үзэгдэх шиг боллоо. Халтархүүг тавин хэдэн онд энд байгуулахаар явж байхад аль улсын, ямар пүүсийнх нь мэдэгдэхгүй нарийн өрмөөр өрөмдөөд орхичихсон ширмэн таглаатай цооногууд хаа ганц тааралддаг байсан. Одоо бодоход тэр цооногууд Америкийн хайгуулынхны өрөмдсөн цэгүүд байсан юмсамж.
-Би ч гэсэн энд нефть их бий гэж санадаг. Зүүнбаян хотынхон амьд мэнд л явдаг юм бол эргэн ирцгээх өдөр бий. Харин тэр цагийг чи бид хоёр үзэхгүй байж  магадгүй. Халтархүү ингэж хэлснээ түрүүнээс хойш орны хөндийд харагдаад хурууны үзүүр загатнуулаад байсан эрээн хуурыг сэтгэл хөдөлсөндөө шүүрэн авч гарынхаа эрдмийг гайхуулан тоглолоо.
Жаахан шаргын шогшоонд томоо муухай тасарлаа
Жаахан түүний аашинд сэтгэл муухай даслаа даа
гэж сэтгэл гэгэлзүүлэн хуурдахад тооноор сүвлэсэн оройн нарны алтан цацраг унийн эрсэнд хуурын чавхдаснаас долгилон эгшиглэх торгон аялгуутай тоглон бүжиглэж байх шиг харагдаж билээ. 
Гэрийн эзний сэтгэл хөдлөн эрдүү эгэлхэн хоолойгоор нэг бадгийг зүтгүүлэн дуулснаа чийгтэн хөлөрсөн зүггүй бор  нүднийхээ галыг асаан асаан дүрэлзүүлж:
-Халтархүү гэж гараас нь адис авмаар ийм сайхан хүнтэй танилцдаг, өнөөдөр яасан азтай өдөр вэ? Та ч эмгэг хууч өвчин илааршин эдгэмээр сайхан гэж хэлэхэд багадмаар дэндүү сайхан хуурдах юм. Хар багаасаа хөх төмөртэй ноцолдож гар хуруу нь эвдэрсэн
хүн гэхэд үнэмшмээргүй, биширмээр хуурдлаа. Манай хөдөө мань мэтийн харимал харцуулын хуруу моонийж эвлэхээ болиод, залуучууд нь гитар руу давхиад хуурын хялгасанд хуруу хүргэх хүнгүй болжээ.
… Хоёулаа өнөөдөр ганц нэг аяга тагш хатуу юм ууж жаахан найрланаа хө гэж гэрийн эзнийг хэлэхэд, Халтархүү учир зүггүй сандарч:
-Би архи ихээр ууж чадахгүй. Цусны даралт ихтэй. Өнөөдөр харин танайд ирээд сэтгэл хөдлөхдөө жаахан балгачихлаа. Одоо хэтэрнэ. Маргааш эрт буцна. Өглөөний сэрүүнд газар дөхөхгүй бол тэрэгний ус буцлаад явахгүй. Эртхэн майхандаа  очиж  тэргээ  жаахан   янзлахгүй бол болохгүй гээд Халтархүү гарахаар завдан малгайгаа авлаа.
Будаг шунх нь халцарсан хуучин  “жаран долоо” машин шигээ хүний нүд татах юмгүй энэ хатингар хөх өвгөн хүн байтугай тэмээний нүднээс нулимс бөмбөртөл хуурддаг зүйрлэшгүй эрдэмтэй хүн байжээ гэсэн шиг гэрийн эзэгтэй Халтархүүг бишрэл тунарсан зөөлөн хар нүдээр удаан гэгч нь ширтжээ.
-Эр улс танилцвал танилцсан шиг танилцах хэрэгтэй. Цусны даралт ихтэй гэж  чи үнэн хэлсэн биз. Эсхүл намайг согтчихлоо гэж бодоод худал хэлчихэв үү. Би хэзээ ч унаж тусталаа согтож үзээгүй. Сүү тасгийн муусайн хүүхнүүд намайг согтоох гэж хамаг архиа шавхаад унагаж чадаагүй юм. Чи үнэмшихгүй бол манай эхнэрээс асуу л даа гэж гэрийн эзэн сүрхий нал шал дуугаар хэлэв.
Зүс царай гундуухан ч босч суух хөдөлгөөн бүхнээрээ би цэл залуухан амьтан шүү гэж байн байн хэлээд байсан улаа бутарсан чилгэр бор хүүхэн халамцуу нөхрөө доогтой нүдээр харж:
-Манай нөхөр залуудаа  ирлэсэн тонгорог шиг хүн байсан юм. Одоо зайлуул, ам, шүлс хоёр л үлдэж. Түүнийгээ мэдэхгүй хатуу архи ууж, догшин морь унах санаатай. Хээр хөдөө унаж үхэх вий гэж санаа зовох юм гэж үг нэмлээ.
Халтархүүг тэр айлынхан маргааш ирж хуурдаж өгөөд яваарай. Мартаад хажуугаар давхиад явчихвал гомдоно шүү.
Орой салхи, шороо хөдөлбөл хүрээд ирээрэй. Ер нь юугаа хийж тэр хоосон цамхгийн ёроол сахин унд хоол ч үгүй ганцаар хэвтэж байдаг юм бэ. Манайд  ирээд  хуучилж  хоно гэж ам амандаа гуйсан боловч Халтархүү элдэв  үгээр зайчуулан байж цайны сүү аваад явав.
Говийнхон ядуу ч, чадуу ч цаанаа нэг нүнжигтэй. Хол явж нүд тайлаагүй боловч юм  үзсэн  улс шиг хөдөлдөг зантай. Америкийн геологичид Гурван Хашаатын говьд  дээр үед даралттай нефть олсон гэж дуулаад өөрөө тийм цооног олсон мэт баярласан Халтархүү сэтгэл хөдлөхдөө биеэ чагнан, муу хөгшин минь миний хойноос санаа нь зовж суугаа байх даа гэж санаашран боджээ.
Бие муутай хүн хол замд ханьгүй ганцаараа явж болохгүй. Эзгүй хээр бие өвдөх юмуу тэрэг суувал  яана гэж  авгайгаа  үглэн хориглоход Халтархүү говь хүрч багын найз  бие муутай нэг нөхрийгөө эргэнэ гэж худал хэлж зөрсөөр байгаад наашаа гарсан.
Тэр маань одоо, миний ингэж архи уугаад наргиж явааг үзвэл сүйд болох биз.
Чамайг би ганцааранг чинь явуулчихаад ханхай байшинд юу бодож хэвтэхэв. Ажилтай хүн биш, ерөөсөө л хоёулаа хамт явъя гэж эхнэрээ хэлэхэд гэрээсээ хол явж үзээгүй амьтныг аян замын уртад ядрааж зутраачихна гэж бодохдоо хүүхэд адил элдвээр хуурч, ятгаж байж орхисон.
Гэтэл энд ирсэн хойноо дахин уулзахгүй юм шиг ганц хоноод буцахын хооронд хөгшнөө гэнэт үгүйлэн дахин дахин санаад байдгийн учир юусан билээ.
Наашаа гарахынхаа урд орой Халтархүү хүүгийндээ очин энэ тэрхэн сул үгсийг ярилцан ачийгаа эрхлүүлэн шөнө дөл болтол суусансан. Өвгөний хүү ажил, амьдралын хувьд туршлага багатай залуу хүн гэхэд их хэрсүү, аминдаа арчаатай, холын бодолтой шаггүй залуу. Ажаад байхад
Халтархүүгийн төрсөн хүүхэд гэмээргүй, түүний ах юмуу эцэг л баймаар их сонин хүн. Тэр  их сургууль төгсөх жилээ тохиолдлоор ч гэх үү нөлөө бүхий нэгэн том даргын хүргэн болж амжсан төдийгүй бусад оюутнууд хуваарийн тухайд  зүүдлээ ч үгүй байхад  бүтэн жилийн өмнөөс төгсөөд хаана очиж юу хийхээ хүртэл аль хэдийнэ товлочихсон байсан  юмсанж. Халтархүү хүүгээ сургуулиа төгсгөхөөр хайгуулын ангид явуулан өрөмдлөгийн мастер, тэр ч байтугай нэг хоёр жилдээ өрөмдөгчөөр ажиллуулан геологичийн эгэл бор амьдрал, шинэ ажил мэргэжилд нь зүгшрүүлье, цалинтай,  цалингүй хамаагүй өөрөө даган явж гал тогоо барин мэдэх чадах юм байвал хошуу нэмэн хайгуулд хамт явъя гэж санадаг байлаа. Гэтэл өвгөний санаснаас шал өөрөөр эргэж хүү нь сургуулиа төгсөөд бүр хаа хамаагүй, Нийгмийг аюулаас хамгаалах яаманд төлөөлөгч болж мэргэжлээ орхилоо. Хүүдээ гомдож уурласан өвгөн амьсгаандаа багтарч ёстой уйлах багадах, үхэх ихдэх гэгч юм болж,
-Хүү минь чи даанч яав даа. Би чамайг “ногоон малгайтны” төлөөлөгч болгох гэж  сургуульд  оруулаагүй, сайн ч, муу ч геологич болоорой, хөгшин эцгийнхээ хүч, ухаан хүрэлгүй алдсан болгоныг эргүүлэн олж аваасай, энэ насандаа байтугай хойт насандаа төлөөд барахгүй өр төлөөсийг минь бага ч гэсэн цайруулаасай, миний нүглийг нимгэлээсэй гэхдээ л чамайг геологичийн мэргэжилтэй болгосон. Чи одоо тэр төлөөлөгчийн ажлаасаа гар. Түүний оронд хайгуулын ангид очиж хар ажилчин болсон чинь нэрэнд цэвэр. Мэргэжлээ хоёр гартаа оруулан, мах цусандаа шингээж ав гэж аашлан, аргадан байж ятгасан. 
Эцгийгээ ийнхүү үглэхэд хүү нь түүний үгийг сонсохоос ч дургүй нь  хүрч, бүр  залхсан хүний янзтай тэвчин ядан сууснаа гар хуруугаа ууртай тачигнуулав. 
-Аав минь таны үе, бидний үе хоёр өдөр шөнө шиг ялгаатай. Одоо чинь гарын хүч, хар муйхар ухаанаар амьдардаг цаг биш. Хүн алив юманд хэтэрхий үнэнч  явснаас  өөрөө  хар толгойгоороо хохирдог. Гартаа барьсан ганц бороохой ч үгүй байж бүрэн зэвсэгтэй дайсан өөд урай хашгиран дайраад амь насаа алдсан хэт хувьсгалчид өөрсдөө л хохирсон. Тэднийг өнөөдөр дурсах, мэдэх хүн ганц ч байхгүй, цөмөөрөө  он цагийн тоосонд дарагдан мартагдсан. Дэмий л дэнгийн эрвээхэй шиг шатаад өнгөрсөн. Би сургууль төгсөөд улс нийгэмд ямар нэгэн  ажил хийх л ёстой болохоос биш заавал геологич болоод таны өрөм хугалсан тэр гайтай цооногийг өрөмдөх албагүй гэж боддог. Цагийн юм цагтаа гэж үг бий. Та шал дэмий юмны төлөө биеэ зовоох юм. Нэг насаараа та геологийн хамаг бор ажилд зүтгэж зүтгэчихээд танд юу наалдлаа. Юу ч наалдаагүй шоронд орж ид сайхан залуу насныхаа таван жилийг үрэн таран хийсэн. Таныг шоронд орсон хойно  геологийнхон ээж бид хоёрыг хар нутаг дээрээ хаячихаад эргэж ч хараагүй яваад өгсөн юм гэнэлээ. Эргэж хараагүй улсын хойноос нүүдэл дагасан нохой шиг гүйгээд яана.
Та  геологид хийдгээ ч хийсэн, алддагаа ч алдсан, эдэлдэг ялаа ч эдэлсэн, харин юу ч олоогүй. Одоо болоо юм биш үү. Би ээж та хоёрыг идэх, өмсөхөөр ердөө ч гачигдуулахгүй. Хүн насныхаа эцэст цөөн ч гэсэн хэдэн жил ясаа амраагаад үхэх хэрэгтэй гэж амьдралыг өмнөөс нь биш, араас  нь нэвт шувт харчихсан хүн шиг хүү эцгийгээ сургажээ.
Мэргэжилдээ сэтгэлгүй хүүгийнхээ энэ цэвдэг хүйтэн үгийг сонсоод Халтархүүгийн нүд бүрэлзээд явчихлаа.
-Хүү минь чи ийм үг надаас өөр хүнд битгий хэл. Геологийн ачаар бид хэд хар толгойгоо тэжээж, чи тэр байгууллагын нэр дээр сургуульд орж, хоолныхоо захад хүрсэн биш үү. Уугаад уусан усандаа баана гэгчээр чи ингэж яривал ёстой алдас болно гэж мэдээрэй. Хөгшин бид хоёр чамаар тэжээлгэх ч үгүй. Тэтгэврийнхээ хэдэн төгрөгөөр элбэг амь зууна. Чи төгсөөд ажлыг нь хийхгүй юм бол яах гэж геологийн сургуульд орсон юм бэ.
-Би хуваарьгүй хоцорчихвий гэхдээ л их сургуульд орсноос биш геологич болох юмсан гэж хэзээ ч хүсч яваагүй. Дараа ямар ажил хийх нь хамаагүй, гол нь сургууль төгсөхсөн  л  гэж  мэрийсэн.
Тийм ч учраас би геологийн ангийг бараг биеэ албадах шахам байж арай   чүү “гурав” төгсгөн хоёр яс хагацсан гэж хүүгээ жирийн нэг юм ярьж буй мэт  хэнэггүйхэн өгүүлэхэд Халтархүүгийн зүрх өвдөн, амьсгал багтраад  ирснээ гэнэт түүний уур дүрсхийн асаж ганц үсрээд хүүгээ заамдаад авчээ.
-Чамайг би ийм хүний арьс нөмөрсөн нохойн мах шиг амьтан гэж бодоогүй. Мэдсэнсэн бол тэгж нэр нүүрээ түмний өмнө түймэрдэн, түймэрдэн сургууль хөөцөлдөхгүй байх байсан. Наад тэнэг толгой чинь гэгээ гэрэл ортол, хүн хоёр гараараа хоолоо яаж олж иддэг ухаанд сургадаг байж гэж хэлээд хүүгээ гуйвтал алгадаж билээ. 
Тэр өдрөөс хойш газар дээрх ганц хүү нь өөрийн үр биш, хэзээ ч ээнэгшин дасдаггүй дагавар хүүхэд мэт их л хол хөндий санагддаг болж өвгөн хүүдээ голоо тасартал гомдсонсон.
Халтархүүг хөдөө явах  өглөө хүү, бэр хоёр нь ирж түүнийг гаргаж өгсөн. Тэргээ асаагаад яг хөдлөхийн толгой дээр өвгөн хүүгээ дуудан:
-Би Дорноговь руу явлаа. Цагаан элснийхээ хөндийд очиж нөгөө цооногоо нэг эргэн үзчихээд хүрээд ирье. Тэтгэвэрт гараад хийх ажилгүй болчихоор улам улам бодогдоод араас таталдан зовоогоод болдоггүй. Би ээжид чинь Зүүнбаян орж бие муутай нэг нөхрийгөө эргээд  ирье гэж хэлсэн. Миний хүү энэ тухай ээждээ битгий хэлээрэй. Санаа нь дэмий зовохын нэмэр гэж захихдаа хүн ижил дасал болж, насаараа хайрлаж явдаг ажил мэргэжлээ яаж хайрлаж  хүндэлдгийг хүүдээ ойлгуулахсан гэхдээ түүнийг зориуд дуудаж энэ үгийг аминчлан хэлсэн юмсанжээ. Хүү маань миний үгийг ухаараа болов уу, үгүй болов уу.
Одоо цагийн зарим залуус хажуугийн хүнд нэг их сүрхий эрдэм боловсролтой юм шиг харагддаг хэрнээ эгэл бор амьдралын хар ухаан байхгүй, номын үсгээр будаа идэж явдаг бололтой. Яагаад тэд мөс, ястай хүн шиг болж малгай, толгой хоёр нь ялгагдахуйц болох бол доо хөөрхий хэмээн бодтол хурдтай явсан тэрэгний урд дугуй үхэр бутан дээгүүр харайж Халтархүүг суудлаасаа золтой л  авч чулуудсангүй, жолоогоо хариулж амжсан тулдаа л хажуугаараа харуулдан уналгүй шарваад тогтжээ.
Архи, бодол хоёрт согтоод алмайрч явсан өвгөн гэнэт сэргэн тэргээ огцом зогсоолоо.
Саяын хүчтэй донсолгоонд бүхээгээ мөргөн толгой нь дүйрсэн өвгөн нүүр амаа шалбарч уу гэсэн шиг өмнөх толь руугаа анхааралтай, удаан гэгч харснаа орой нь цөмөрч хонхойсон бүрх малгайгаа засч өмслөө.  Толин дотроос эцэнхий янхигар нүүртэй халамцуу нүдтэй, залуудаа тийм ч амьтны нүднээс гадуур хүн байгаагүй болов уу гэмээр буурал эрүүтэй хөх өвгөн Халтархүүг гайхан ширтэж байлаа.
Өвгөн бууж тэрэгнийхээ доогуураа удаан гэгч шагайж эрэг боолтоо бүртгэн хараад эвдэрч, хугарсан юм үгүйд дотроо уужран тэнгэрийн хаяа руу ширтлээ. Оройн улаан нарны өлөн хуурай униар дунд Цагаан элсний хөндий дэх хэдэн өнчин цамхаг зүүд, нойрны хий хоосон үзэгдэл адил өндөр нам болон торолзоно.
Уйтгар гунигийн улаан  униар дунд бүрэлзэх тэр хэдэн цамхаг эрчтэй, хүчтэй нүргэлэн ажиллаж байсан тэр цагтаа бурханаас дутуугүй шүтэгдэн, гайхагдаж байснаа эцэс сүүлдээ гэв гэнэт ганцхан мөчид ямар ч үнэ цэнэгүй хар төмөр болон хувирч энэ эзэнгүй ангамал  говьд харах эзэн, барих дансгүй нутаг дээр хаягдсандаа нулимс унаган гомдол мэдүүлж, зэргэлээнд өнгөлзөх хөдөлгөөн бүрээрээ нэг юм байн байн хэлээд байх шиг санагдана. Аливаа эзэнгүй юм ямар ч үнэ, цэнэтэй байлаа  гэсэн ингэж хөлийн доор хөсөр хаягддаг ажээ.
Энэ хэдэн цамхгийг сэтгэлдээ сүүмэлзүүлэн бодож явдаг ганц хүн гэвэл насны нар буцаж, мэдэл чадал нь барагдсан тэтгэврийн муу өвгөн Халтархүү. Оготны дуу тэнгэрт хүрэхгүйн үлгэрээр яаманд мэдээлэл бичиж, өөрөө биеэрээ очиж хөөцөлдөөд юу ч олж долоогоогүй. Харин тэнэг мунхгаа дуудуулан доромжлуулаад арай л хөөгдөлгүй буцсан.
Хамгийн сүүлд, эцсийн ганц аргаа хэрэглэн газар дээрх ганц хүүгээ геологийн сургуульд явуулаад  ч санасандаа хүрч чадсангүй. Ингээд л ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж Цагаан элсэнд  гацааж орхисон яндангуудын нэгэн адил цэвдэгтээ хүрээд зогссон. Төрсөн хүү минь намайг ойлгохгүй байхад хар элгийн хүмүүс ч аргагүй биз гэж нялх хүүхэд адил гоморхон энэ тэрээс өө, сэв эрэн ганцаардах үед гэнэт унаж согтотлоо архи уугаад хүн амьтангүй эзгүй хээр дотроо онгойтол нэг сайн уйлмаар санагдана.
Түүнийг буцан ирэхэд нөгөө хоёр хэрээ майхных нь шувуу модон дээр өд сөдөө засан, хушуу хумсаа билүүдэн тонголзон сууснаа хүн ирэх бараанаар ямар нэг хэрэг хийсэн амьтны дүрээр нүүр буруулан нисэн одов.
Хэрээ цугларсан газар сайн юм байдаггүй. Ямар нэг амьтны сэг сэвс, улай дээр тэр нүгэлт шувуу бөөгнөрдгийг мэдэх Халтархүү яаран майхандаа орвол мөнөөх хоёр хэрээ тавагтай боов, талхыг идээгүй хэрнээ тоншин газрын нэг тарааж, данхтай цай онхолдуулан асгаж сангас баасаараа энд тэндгүй будаад түүний хамаг юмыг сандаасан байлаа.  
Бас майхны хаяанд байсан лаазтай махыг нээх гэж оролдсон бололтой түүний тагийг хэд хэдэн газар хонхойтол тоншжээ. Ийм тостой лаазанд үхрийн мах байдгийг бас мэддэг байх нь ээ. Гайхал тэр шувуунд ер нь мэдэхгүй юм гэж байдаг болов уу. Унтаж байх хойгуур муу тэргийг минь унаж явчихаад эзгүй хээр явгалчих вий дээ гэж тохуурхан бодов. 
Оройн сэрүүн унаж  үүлэн сүүдэр газарт буухын үес, өвгөн элс манхны хаяагаар ургасан хүмүүл түүн Цагаан элсний баян бүрд, довцог дундуур бүрэнхий болтол хэсүүчлэн явлаа.
Хужир мараа ургасан шал тойром, залуудаа хармаг жимс түүн бие биетэйгээ хөөцөлдөн тоглож явсан, гэрийн дайтай том том довцогуудын навч, найлзуурын цаанаас тавин хэдэн оны найзууд нь нуугдаад инээмсэглэн харж байх шиг санагдах сацуу хэн нэг хүний, цээжинд хоногшсон хачин танил дуу Халтархүү! Халтархүү хэмээн түүний нэрээр дуудах нь гэв гэнэт чихэнд хадах шиг боллоо. Залуу зандан насны тэр хөгжилтэй сэргэлэн дуу шуугиан, тавин хэдэн оны агаар амьсгал, навч цэцэгсийн үнэр танартайгаа хамт Цагаан элсний энэхэн жижиг баян бүрдээс үес үесхэн ханх тавин үнэртэнэ.
Муу хөгшиндөө хүмүүл түүж аваачиж өгье. Бас элсэн шандын уснаас … олон жил хүмүүлийн бараа хараагүй, сонирхон сүйд болох байлгүй.
Говийн ургамал тачир сийрэг ч гэсэн ааг амттай, атга чимх ч байсан багадахгүй. Униар зэрэглээ нь хүртэл хуурын эгшигтэй энэ халиун хонгор говь намартаа  Түвд, Жагарын бурхадын оронтой зүйрлэм дэндүү амар амгалан байдаг бөгөөд энд төрсөн хүн таван үеэ үзтэл урт насалдаг биз гэж өөрийн эрхгүй бодогддог.
Элсний бидэр хээ даган жирэлзэн гүйх гүрвүүл, гэрэл цацруулсан шар харганын навч, нар жаргасан хойно улам халж төөнөдөг элс, манхан, түүн дээр үлдсэн том том дугуй боов шиг тэмээний мөр цөм сэтгэлд хадгаладан үе үесхэн цухалзан алдан явсан эртний танилхан ахуй байлаа. Шар гэгээ замхрахын алдад өвгөн майхандаа ирж аягахан хоол хийж идлээ. Шаширлан асах задгай галын утаагүй улаан дөлийг ширтэн суухуйяа чихний үзүүрт “Манжуурын толгодод” хэмээн эртний нэгэн вальс баян хуур хөгжмийн гуурсаар холдон ойртон намуухан эгшиглэнэ.
Мянга есөн зуун дөчин таван оны Орос-Японы дайнаас ганц сайхан вальс л үлдэж дээ хөөрхий.
Унтарч буй галын цэцгэн эмжээртэй хөх дөл үес үесхэн сэвхийх явган салхинд дальдран найгалан хөдлөхийн тоолонгоор мөнөөхөн алсаас дуурсах баян хуурын аялгуу наашлан наашилсаар цээжний гүнд зүүрмэглэн эгшиглэхэд сэтгэлийн гал дүрэлзэн асна.
Аягатай цайнаас таана, хүмүүл амтагдсан говийн хөх торгон шөнө ер бусын хээнцэр агаад жавхлантай.
Сар мэлмэрсэн цагаан шөнийн саран доор сүүдэртэн зүүрмэглэх зэгс хулсны толгой алсын бүдэг анир аван зүүдлэн сэрэв үү гэлтэй хээрийн явган салхинд аниргүйхэн бөхөлзөнө.
Үл мэдэг уйтгартай бөгөөд жавхаатай
түргэн бүжгийн аялгуунд шинелийн хормой дэрвүүлэн, хатуу өсгий товшин эргэх цэрэг эрсийн идэрхэн зүс царай нүдний өмнүүр жирэлзэн өнгөрнө.
Энэхэн үед Халтархүү, машин даахгүй юм биш муу баян хуураа аваад гарах минь яалаа хэмээн харамсан бодтол Жанчхүүгийн даваанд давхиж яваад сэт буудуулсан түүний эгэмний яс шархиран өвдөв. Малын үснээс гал маналзсан говь нутгийн догшин салхи, дүн өвлийн нүдгүй цасан шуурганаар оройд нь жавар орогнон дүнгэнэдэг нефтийн цамхаг агаарын хөлгүй хөх орон зайг нэвтлэн ирэх сансрын хөлгөөс эх дэлхий рүүгээ цацсан геологи хайгуулын мэдээг чих тавин сонсож байх шиг харанхуйн дунд асарлан сүүдэртэнэ. 
Өдрийн уусан архи аль эрт сураггүй алга болоод толгой үл мэдэг хүндэрч өвдөх үгүйн завсар манаран дүйрнэ.Эрүүл агаар, хээрийн салхинд чанасан хоол цайны ааг, амт, аян замын уртад аяншсан өвгөний нойр гэв гэнэт хүрч дэрэн дээр толгой тавив уу үгүй юу нам унтмаар ажээ.Насны наран жаргах ойртсон хүн дахиад энд буцаж ирээч үү, үгүй ч үү, говийн энэ диваажингийн шүрэн арал дээрх шиг хээнцэр амгалан шөнийг сүүлчийн удаа харж суугаа ч юм билүү, маргааш энд ямар байх биш, ганц шөнийн нойронд харамсаад яахав гэж бодогдоно.
Халтархүү майхныхаа гадаа торгон элсэн дээр гудас дэвсээд хоёр гараа дэрлэн одод ширтэн хэвтэнэ. Хүний нүд байтугай огторгуйн дуран авайн хараа хүршгүй тоо томшгүй оддын чуулга, гэрлийн мананцрын чанадаас урьд нь энэ газар дэлхийд нэгээхэн бээр сонсогдоогүй ер бусын гайхамшигтай аялгуу зүүдлэх, зүүрмэглэхийн завсар сонсголын  үзүүрт асгаран орж ирнэ.  Өөр ертөнцөөс гэрлийн хурдаар ирэх тэр аялгуутай хамт геологийн цахилгаан хайгуулын тэмтрүүлтэй төсөөтэй нэгэн сонин чичиргээ газрын хэвлийд буй нефтийн их ордыг мөргөн ойно.
Нүдэнд үл өртөн гарт үл баригдах тэр чичиргээний мэдрэмжээр Цагаан элсний хөрсөн доорхи газрын тосны бидэр, сүүдэр саран дээр хөх сэвх болон тодрон үзэгдэнэ. Одод харвав уу гэтэл биш, их гэрэл цацруулсан өөр гаригийн хөлөг аажмаар доошилсоор Хашаатын говьд зөөлөн газардаж,  түүний бүхээгнээс сансрын нисэгчийн хувцастай харь хэлийн хүмүүс гарч ирээд мөнөөх Америкчуудын нууцлан булсан цооногийн хаалтыг задлах тэрхэн агшинд говийн угалз салхи боссон мэт нефтийн өндөр хүрэн багана тэнгэр өрөмдөн оргилж газрын тосоор бороо орлоо. 
Түүнийг хараад бухимдсан Халтархүү толгойгоо шааж “Намайг тэнэж төөрсөөр, ярьсаар, зүүдэлсээр явтал харь гаригийн хүмүүс хүрч ирээд хамаг нефтийг маань аваад явчихлаа” гэж хэлээд хор шар нь буцалсандаа элс атган түрүүлгээ харж уналаа хэмээн зүүдлээд бахардан сэрвэл өглөөний гал улаан нарны туяа цамхгийн оройд дөнгөж тусч байлаа. 
Халтархүү босч яаран хувцаслаад данхтай хүйтэн цайнаас цоргоор нь, босоогоороо залгилснаа нүүр гараа хагас дутуухан угааж богцноосоо урт хадаг гарган дэлгэн нэг хараад өвөртөө хийж хамгийн өндөр цамхаг өөд алхлаа.  Тэр цамхгийн дор очиж бүсээ засан, саарч алдуурахааргүй найдвартай зангидаад бяцхан зүрх алдав уу гэмээр нүдээ анивчин дээшээ харж,  хэдэн  хурам зогссоноо авирч эхлэв. Өнөөдөр нутаг буцахынхаа өмнө Халтархүү, ажил амьдрал залгуулсан энэ цамхгийн
оройд гарч хадаг өргөн, Цагаан элсний хөндийг хамгийн сүүлчийн удаа харах ёстой. Сүүлчийн удаа гэдэг бол өвгөн, түүний “жаран долоо” хоёр энд дахин ирж чадахгүй. Заяа тавилан байгаад ирдэг юмаа гэж бодоход цамхгийн орой дээр гарах тэнхээтэй ирэхгүй нь лавтай.
Халтархүү халуун элсэн дээр гудас дэвсэж унтаад төрсөн гэртээ,  гал голомтон дээрээ эргэн ирсэн мэт сайхан амарчээ. 
Эрүүл агаарт гадаа унтаад бие хөнгөн, ухаан санаа сэргэлэн, хөл гар, чийрэг итгэлтэй болсон байлаа. Өвгөн цамхгийн эвдэрч зэвэрсэн гишгүүрүүд дээгүүр хянуур болгоомжтой гишгэн зоримог бөгөөд аажуухан өгслөө. 
Халтархүү ийнхүү цамхгийн шатаар авирахдаа доошоо харвал толгой эргэн унах юун магад хэмээн хаширлаж түүний тэнгэрт цоройсон өндөр оройг ширтэн явахдаа биеэ их шавдуулан ядраахгүйг хичээв.Өгсөх тусам алхам алхмаар алсын уулс цаана цаанаасаа шовс шовсхийн өндөлзөн босч тэнгэрийн хаяа улам  холдон улам уужран цэнхэртэнэ. 
Залуу байхад өдөрт хэдэнтээ оройд нь гарч ёроолд нь буудаг байсансан. Тэр цагт цамхгийн нарийхан гишгүүрээр дээш доошоо дуу аялан гүйж явдаг байжээ. 
Халтархүү аажуухан боловч зогсолтгүй явсаар цамхгийн дунд талын тагт дээр очиж нүдээ анин хэдэн мөч амьсгал даран суухдаа дахин тамир сэлбэх шинэ хүчийг хүлээлээ. Замынхаа тэн хагасыг туулсан өвгөн огторгуйд алгуурхан хөвөх цагаан үүлсийн наагуур аниргүйхэн зуран гүйх цамхгийн оройг ширтэн нэгэнтээ цанхаалан санаа алдаад дахин өгсөж эхэллээ. 
Бие халж байгаа бололтой хөлс үл мэдэг чийхран магнай өөд сэрүүн салхи сэвэлзүүлэн үлээнэ. 
Их талын хаяанаас өгсөх улаан нар хөлийн дор гэмээр үзэгдэнэ. Ширүүхэн л хөдөлбөл нурчих юм шиг анир чимээгүй гэтэн авирсаар өвгөнийг цамхгийн оройд хүрэхэд үүрэндээ бие биенээ дэрлэн хярж хэвтсэн элээний гурван хөөрхөн дэгдээхэй нойрноос сэрэн эхийгээ дуудан хашгичив.
Өвгөн шатны хамгаалалтанд биеэ цахлан жийж баймаажин өврөөсөө хадгаа гарган цамхгийн оройны цамхраанаас алдуурч осолдохооргүй бэхлэн уяад сая санаа амарч уртаар шүүрс алдлаа. 
Өд сөдөн дээгүүрээ улиасны унгирал адил хөвөн цагаахан ноолууртай эхээсээ дутуугүй том биетэй хэрнээ нүдний харц нь гэнэн томоогүй, шал нялхаараа тэр хөөрхөн дэгдээхэйнүүдийг харахаас өрөвдөн хайр хүрч, нүдний нулимс гармаар. Энэ хорвоо дээр ирээд хэдэн сар болж байгаа,  дайсан нөхөр хоёрыг үл ялгах, үнсээд авмаар тэр хөөрхөн амьтад нүглийн нэгээхэн сүүдэргүй балчирхан нүдээрээ Халтархүүг сонирхон харцгаана. Энэ хөөрхөн дэгдээхэйнүүд энэ өндөр юман дээрээс уналгүй тэнгэрт амьтан болж чадаж байхад би жаран жил газар дээр ертөнцийн шороо хөдөлгөхдөө хүн болж чадахгүй амьдаараа үхэх гэж байдаг. Элээ гэдэг гэм халгүй энэ бодь сайхан шувуу их өндөрт үүрээ засдаг байх нь ээ гэж нэг  сүрхий юм олж мэдсэн хүний байдлаар олзуурхан амандаа шивнэснээ дөрвөн зүг найман зовхисыг халиан харлаа.
Алдаж, онож, унаж боссоор дээр нь гарсан жаран хэдэн насны өндөрлөг – энэ цамхаг дээрээс Халтархүү хонгорхон залуу насандаа татахгүй таван өртөө газрын бараа хардаг байлаа. Гэтэл эдүгээ нүд цэлхэрхэн бүрэлзээд тэнгэр газрын савслаганд хөхөртөх холын уулсыг огторгуйн цэнхэр дэвсгэрээс ялган харахтай, үгүйтэй байх шиг.
Цагаан элсний хөндий, Хашаатын говь тоос тортоггүй гэгээн өглөөний наран доор эр хүний хурууны ур увидас шалгасан хуурын торгон шуранхайгаар хонгортон халиурна.
Хаалгын уул, Дэнгийн дэвсэг, Тахиат, их бага Богд, Дулаан хар, Түшлэгийн уул, Гурван баянгийн хэц өнө мөнхийн цэнхэр өнгөөр суунаглан хөхөртөнө. Тэнгэрийн хаяа тэвхдэн сүмбэрлэх тэр найман цэнхэр уулыг хараад өвгөний нүд
сэтгэл гэрэлтэн, ухаан нь уужраад явчих шиг болжээ.
Халтархүү дов, толгод бүхнээ бэл хормойгоороо өргөсөн энэ уулсын эгэлхэн бөгөөд агуу сүрлэг дүр төрхийг хараад ганц хүүгээ геологич болгож чадаагүйдээ ичих шиг боллоо.
Эцгийнхээ гэрээс захиасыг гүйцээн туурвих хүүтэй атал түүндээ өөрийгөө ойлгуулан, эгэл бор ажлын амт, шимтийг хоёр гарт нь мэдрүүлж чадаагүй хувь заяандаа гомдлоо. 
Хүүгээ их сургуульд оруулах гэж үхэн хатан хөөцөлдөхийн оронд ажилчин болгох минь яалаа. Орчлонгийн оргил болсон энэ цамхаг дээр дагуулан гарч, эр хүний хүсэл мөрөөдлийг дуудан далласан холын хөх уулсын шивнээ, шившлэгийг сонсгон түүнийхээ нүд, сэтгэлийг тайлсан ч болоосой.
Тэгсэн бол хүү минь төрсөн газар шорооныхоо үнэ цэнэ, геологич хүн гэж чухам хэн болохыг ухаарах байсан ч юмсанж уу. Халтархүү чи хал үзэж халуун чулуу долоосон эр хүн гэхэд алдсан дээрээ алдан, алхам тутамдаа хад мөргөсөөр яваад дууслаа даа гэж бодтол цамхаг сууриараа хуга үсрэх шиг болж түүний нүд харанхуйлан газар шарлаад ирлээ.
Энэхэн агшинд Халтархүү “Даралт! Нөгөө муу цусны даралт!” хэмээн бодтол “Халтархүү минь тэсээрэй. Гараа битгий тавиарай, атгаад байдаг юм шүү. Би одоохон хойноос чинь очлоо” гэж гучин хэдэн жил зовлон жаргалаа хуваалцсан эхнэрийнх нь хашгирах дуу цамхгийн ёроолоос хадав. Өвгөний хамаг бие жингүйдэн хөөрч, хорвоогоос өөрөө биш, хорвоо өөрөөс нь хальчих шиг санагдан шатны хашлагаас атгасан түүний гар аажуухан суларсаар биеэ даалгүй барьцаа алджээ.
Энэ үед цамхгийн ёроолд шаалттай байгаа нар, салхинд онгож гандсан хуучин майхны шувуу модон дээр биендээ байшгүй том хошуутай нэгэн хөгшин хэрээ ирж суугаад өд сөдөө бужигнуулан тагнай ташин гуагаллаа.
www.URLAG.mn

Гэрийн нохойг чоно хэмээн эндүүрэв үү?

                             Гэрийн нохойг чоно хэмээн эндүүрэв үү?

“Чонон сүлд” романы тухай

Хятадын зохиолч Зян Рун “Чонон сүлд” хэмээх зохиолоо 2004 онд БНХАУ-д хэвлүүлэн гаргасныхаа дараахан тус улсын хамгийн баян зохиолчдын нэг болсон юм. Хятадын тариачны ахуйд ямар ч хамааралгүй “Чонон сүлд” хэмээх ном яагаад Дундад улсад өчнөөн олон арван саяар хэвлэгдэн гарч /2004 оноос хойш зөвхөн Хятад улсад таван удаа 80 сая орчим хэвлэгдэж бүгд борлогдсон гэж байгаа. Одоо зургаа дахь удаагаа 25 сая хувь хэвлэгдэн хамгийн эрэлттэй номын тоонд ороод байгаа/ бүгд шажигнатал зарагдаж, Зян Рун саятан зохиолчдын тоонд яваад орчихов оо гэдэг сонирхолтой. Ганц сарын дотор л 60 мянган хувиар борлогдож Хятадын том том хотод борлуулалтаараа дээд амжилт тогтоосон энэ ном олон хятад хүнийг номонд хорхойтой болгосон гэдэг. Түүнээс гадна эл зохиол нь 32 хэл дээр хэвлэгдэн гарч, Нобелийн шагналд нэр дэвших болзлоо хангаад байгаа юм. Францын кино найруулагч Жан Жак Аннойд энэхүү номоос сэдэвлэн “Чонон сүлд” хэмээх киноны зураг аваад саяхан дуусгасан гэх мэдээлэл ч байгаа. Хятад зохиолчийг “хаданд гаргасан” энэхүү номын амин сүнс нь монголчуудын уламжлалт ахуй, монголчуудын эртний шүтээн чонотой салшгүй холбоотой бөгөөд энэ талаар Өвөр Монголын зохиолч биш хан үндэстний төлөөлөл болсон нанхиад хүн зохиол бичиж, энэ бүтээлээрээ алдаршин баяжиж хөлжсөн нь анхаарал татна. Уг нь монгол хүмүүс л энэ талаар бичих ёстой байсан бус уу хэмээн өөрсдийнхөө өмнөөс харамсах бодол ч төрж байна.
Зохиолч Зян Рун монгол орчуулгад зориулсан өмнөтгөл үгэндээ “...хятад хэлээр хэвлэгдсэн “Чонон сүлд”-ийн дотор хавтсан дээр “Гарамгайгаараа гайхагдсан тал нутгийн хүн, чоно хоёрт болон урьд өмнө үзэсгэлэнт байдлаараа шагшигдаж байсан Өвөр Монголын их талд энэ номыг зориулав” гэж онцлон бичиж байсан сан” гэж бичсэн нь ч сэтгэлд хөндүүр төрүүлнэ. Урьд нь үзэсгэлэн гоо, онгон дагшнаараа гайхагдан шагшигдаж байсан Өвөр Монголын их талыг үгүй болоход хувь нэмрээ оруулсан тэрбээр бас “Чонон сүлд” номын кирилл монгол хувилбарын эхэнд “Үзэмж төгөлдөр, эрх чөлөөт байдлаа хадгалсаар байгаа Монгол улсын их тал нутагт энэ номыг зориулав” гэсэн нь “Дараагийн ээлжинд танай нутаг шүү. “Чонон сүлд-2”-ын санааг танай нутгийн хүн зон, хөрс шорооноос олж авна шүү” хэмээн даажигнасан мэт санагдана. Ер нь Зян Руны энэхүү ном нь монгол үндэстнийг тохуурхаж даажигнасан маягаар, нүүдэлчдийн амьдралд огт нийцэхгүй гаж зүйрлэл ихтэй заримдаа элэг хөшим худал хэтрүүлэгтэй зохиол болсон нь монгол хүн хэнд ч болов шууд ажиглагдана. Хоолоор бол давс хужир нь хэт чангадаж, хачир нь ихэдсэн шорвог юм болсон гэсэн үг. Гэхдээ энэ номоос хятад хүний жинхэнэ мөн чанар, монголчуудад хандах хандлага, сүүлийн хэдэн жил Хятадын зүгээс Монголд хэрэгжүүлж байгаа бодлого сэлтийг нэвт тольдон харах сайхан боломж бас байгаа.

Тиймээс монгол хүн бүр энэ номыг уншаасай гэж бодож байна. Уншихдаа нэн анхааралтай унших нь зөв юм. “Чоно тотем” нь “Чонон сүлд” нэртэй манай улсад хэвлэгдсэнээсээ хойш дөрвөн жилийн турш тасралтгүй шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж байгаа нь олон хүн авч уншиж байгааг харуулж байгаа ч илүү олон хүн уншаасай гэж зориуд хэлмээр байна. Энэ нь номын гүйлгээг сайжруулж, орчуулагчид нь орлого оруулах гээд байгаа хэрэг огт биш юм шүү. Энэ номыг орчуулсан хүн 25 мянган төгрөгөөр үнэлэн хэд дахин хэвлүүлж зарсан юм чинь эдийн засгийн үр өгөөжөө хэдийнэ өгсөн биз ээ. Тиймээс монголчуудад хүртээмжтэй болгох үүднээс хямдруулж зараасай гэж хүсч байгаагаа энэ дашрамд бас дурдая. Ингээд олон долоон юм нуршилгүй уг номын тухай үндсэн сэдэв рүүгээ оръё. Уг зохиол 1968 онд, Соёлын хувьсгалын ид үед  Өвөр Монгол руу хятад оюутан залуусыг зориуд туслах малчин болгон илгээж  нүүдэлчдийг уусгах бодлого хэрэгжүүлж эхэлсэн тэр үед Чэнь Жэнь гэгч оюутан Бээжингээс илгээлтээр Олонбулагийн тал дахь Билэгт хэмээх монгол малчныд ирж байгаагаар эхэлнэ. Ингэж эхлээд л Зян Рун монгол нутгийн амьдрал, талын хөх чонын тухай “уран сайхнаар зохиож” гарна. Эсвэл тэр “Нэгэнт устаад үгүй болсон Өвөр Монголын чонын талаар юу ч гэж бичсэн яадаг юм бэ? Хүмүүс мэдэхгүй юм чинь, мэдэх хүмүүс нь зарга хийж чадах юм биш” гэж басамжилсан бодлоор бичсэн юм уу бүү мэд. Жишээ нь хятад оюутан Чэнь Жэнь Билэг өвгөнийхөөс морьтой гарч багийн төв орох гэж явахдаа замаа товчилсоноос болоод дөч орчим сүрэг чонотой улаан халз тулгарч орхисон талаар бичсэн байгаа юм. Тухайн үед буюу 1960-70 оны хооронд Өвөр Монголд хээрийн чоно гэгээн цагаан өдрөөр ч гэсэн цагаан зээр шиг л сүрэглэн явдаг байсан бололтой. Эзгүй хээр талд ганц морьтой хүнтэй халз таарсан дөч гаруй чоно тал талаас нь ноцон дайрах нь тодорхой шүү дээ. Сүрэг чонотой улаан халз тулсан ганц морьтой хүний дотор ямар их айдас хургах нь тодорхой. Хүн байтугай морь нь хүртэл айж хөх махаа чичигнүүлээд хөшөө болоод татчихаж ч магадгүй. Гэвч хятад оюутан Чэнь Жэнь сүрэг чонын урдуур огт айсан юмгүй бүр хараагүй юм шиг хэнэг ч үгүй өнгөрч, морь нь ч гэсэн үргэж цочихгүй тун додигор өнгөрч байгаа тухай өгүүлнэ. Харин нөгөө олон чоно тэр хоёрын бараанаар айж дөлөөд дайрахгүй байгаа тухай бичсэн байгаа юм. Хятад оюутан Чэнь Жэнь хэдий чононоос айж сүйд болоогүй ч Билэгт өвгөний хэлж байсан “Чоно төмрийн дуунаас айдаг” гэсэн үгсийг гэнэт санаад мориноосоо тухтай гэгч буун эмээлийнхээ хоёр ган дөрөөг тайлан авч харшуулан дуугаргаж эхлэхэд бүх чоно чихээ хулмайлган, сүүлээ хавчаад уулын арыг чиглэн зугтааж буй арай дэндүү “панаалтай” дүрслэл энд байгааг уншаад өөрийн эрхгүй өөрийгөө чимхэж үзмээр санагдана.

Чингиз Айтматовын  “Цаазын тавцан”, Жек Лондоны “Цагаан соёот”, манай нэрт зохиолч Д.Намдаг агсаны “Хөгшин чоно ульсан нь” зохиолд чоно гээч араатны тухай яаж дүрсэлж бичсэн байдаг билээ дээ. Адаглаад Ч.Лхамсүрэн гуайн “Хүрэн морь” найраглалд араатан чонын талаар толгойн үс босом, сэтгэлийн гүнд айдас хургам бичсэн байдаг шүү дээ. Хятад зохиолчийн цээжнийхээ бангаар бичсэн арай хэтэрхий хэтрүүлгийг уншаад эхэлмэгц чоно гээч амьтны тухай дэндүү сайн мэддэг, бүр нарийн ярих юм бол чонотой ойр өсдөг монгол хүний урам шууд хугарна. Сүрэг чоно эзгүй хээр ганц морьтой хүнтэй таарч гэмээнэ хаширлаж эмээх нь байтугай өртөөчилж хөөгөөд барьдаг, дөрөө байтугай буу дуугаргасан ч зугтаахгүй улангасан дайрч хүн морь хоёроос сэг төдий зүйл л үлдээнэ гэдгийг бид сайн мэднэ. Сүрэг чоно байтугай гуринхалсан ганц чоно хүртэл эзгүй хээр морьтой хүнтэй таарвал  айж эмээлгүй улайран дайрдаг. Хэрвээ орчин цагийн уншигчид эзгүй хээр сүрэг чонотой таараад Зян Рун зохиолчийн жишгээр мориноосоо бууж төмөр дөрөөгөө тайлаад дуугаргаж айлган хөөх гэж оролдвол хоолойгоо өөрөө тас огтолсоноос ялгаагүй зүйл болно. Тиймээс инээд хүргэсэн энэ хэсгийн тухай бичихээс ч дургүй хүрч байгаа юм. Гэхдээ энэ юу ч биш. Үүнээс долоон дор, хөх инээд хүрмээр зүйл уг зохиолд зөндөө гарна. Чэнь Жэнийг туслах малчнаар ирээд удаагүй байтал нэг шөнө Билэг өвгөний бэр, залуу бүсгүй Галсмаа гэрийн гаднаас нэрээр нь дуудах сонсогдоно. Хятад залуу гар чийдэн, ташуур хоёроо аваад гарах үед Галсмаа хүүхэн хонин дунд толгой нь шахагдаад хавчуулагдсан нэгэн том чонын сүүлнээс чангаагаад зогсч байх юм гэнэ дээ. Чоно байтугай нохойны сүүлнээс атгаж авбал эргэж дайраад л хүү татна шүү дээ. Өвөр Монголын чоно тийм нонж дорой байсан юм уу бүү мэд. Эсвэл залуу монгол хүүхний зориг баатарлаг дүрийг товойлгохын тулд ийм хэтийдсэн дүрслэл хэрэглэсэн ч юм уу. Галсмаа хүүхний эр чадал, эрэмгий зоригтой байдлыг товойлгохыг хичээсэн энэ хэсэгт нөгөө муу үйлийн үртэй чоно нь үргэж бөөгнөрсөн хонин дунд толгойгоо хавчуулчихаад туниа муутай борлон шиг л хөдөлж чадахгүй аахилаад зогсоод байгаа тухай өгүүлсэн нь яаж ч бодоод санаанд буухгүй байгаа юм. Чоно бол нохойн овгийн хамгийн хурц шүд, соёотой араатан. Хурц шүдээ хонинд хүргэв үү үгүй юу гүрээг нь тас хазах юм уу гүзээг нь хүү татаад цувуулчихдаг шүү дээ. Гэтэл Зян Руны зохиол дээр сүүлдүүлсэн чоно эргэж дайрах бус таг чиг урагшаа зүтгээд л монгол хүүхэн арагшаа гэдийж татаад л хошин шогийн тоглолтон дээр ч гарахааргүй инээдэмтэй дүр зураг гараад ирж байгаа юм. Соёлын хувьсгалын үеийн цуст бодлогын улмаас талын чоно хүртэл ийм аймхай хулчгар болсон юм байх даа гэж бодмоор. Хээрийн догшин чоно хөгшин нохойноос долоон дор аймхай авирлаж байгаа юм шиг бичихээр ингэж бодохгүй гээд яах билээ.

 Бас болоогүй Галсмаагийн есөн настай Баяр хэмээх хүү гэрээсээ гарч ирээд чононы сүүлнээс мөн л зууран авахад ээж нь “Хоёр хөлнөөс нь тат” гэж хэлж байгаа юм. Хонь, ямаа шиг саалгаад сурчихсан чоно юм уу хаашаа юм бэ огт ойлгомжгүй. Ээж хүү хоёр чонын араас хүч хавсран хойш нь чангаан татсаар хонин дундаас сугалан гаргаж ирэх боловч нөгөө чоно нь эргэж дайрахгүй урагшаа л зүтгээд байна. Ийм хулчгар чоно бүү хэл нохой ч байхгүй учир Зян Руны зохиолыг үргэлжлүүлэн уншихаас дургүй хүрч байгаа юм. Хүүхэн, хүүхэд, чоно, хятад залуу гээд Билэг өвгөний гадаа гурвалжин дөрвөлжин юм болж байтал Билэг өвгөн гэрээсээ гарч ирээд Барс хэмээх товир биетэй монгол нохойгоо дуудна даа. Барс асар их хилэгнэн хонины нуруун дээгүүр дамжин /Хятадын кино дээр гардаг зодоончид шиг/ харайсаар чонын нуруун дээр мордоод авах боловч яах ч үгүй. Үүний учрыг Зян Рун тайлбарлахдаа “Монголын талын сайн анч ноход чонын их бие, нурууг шархдуулж, арьс үсийг нь гэмтээж болохгүй гэсэн бичигдээгүй хуулийг сайтар ойлгох учраас Барс дэмий л хуцна” гэж бичсэн байгаа юм. Яг л хятад данжаад шиг наймааны ухаан суусан монгол нохой байгаа биз. Чонын арьсыг хамаа намаагүй хүү татчихвал хүмүүс уранхай арьс гэж голоод авахгүй үнэ ханш нь уначихна гэж бодоод чонын арьсыг хайрласандаа дэмий л хуцаад зогсч байдаг бизнес сэтгэлгээтэй нохой бас байдаг байх нь. Хятад хүний ухаан эндээс үнэртэж байгаа юм. Бизнес сэтгэлгээтэй Барс нохой шал дэмий шүлсээ үсчүүлэн хуцаж байх үед нөгөө Галсмаа бүсгүй чонын сүүлийг өвдгөндөө хавчуулан хөшиж татаад угаар нь чадхийтэл хугалаад хаячихна гээд бод. Сүүлээ хугалуулсан боохой бүр ч шалдаа бууж, шархандаа зовиурлан гийнасаар дөрвөн мөч нь цөхрөнгүй сулавхийхэд эх, хүү хоёр хонин дундаас гуд татан гаргаж ирээд монгол банхарынхаа өмнө шидэж өгмөгц Барс нь ганцхан багалзуурдаад алчихаж байгаа юм. Энэ бүхнийг хятад залуу Чэнь Жэнь хажуугаас нь хараад хөдөлж ч чадахгүй өвдөг нь салганан чичрээд зогсч байна.

Энэ элэг хөшөөсөн хэсгийг уншиж байх үед Зян Рун гээч хүн чоныг холоос ч болтугай харсан л байгаа даа гэсэн эргэлзээ хүртэл төрж байгаа юм. Чоно гэдэг амьтан ямархуу араншинтай, ямар онцлогтой вэ гэдгийг огт мэдэхгүй хятадууд л нам үнэмшин уншаад дуу алдахаас бус монгол хүн бол энэ номыг уншаад нэг бол юу ч ойлгохгүй, нэг бол дургүйцэнэ. Энэ мэтийн инээдтэй дүрслэлээр хачирлагдсан энэхүү номонд гэхдээ нэгэн муухай санаа хавчуулагдаастай байгаа нь хуудас болгоноос нь анзаарагдана. Энэ номын хуудас болгонд онгон зэрлэгээрээ байгаа Өвөр Монголын байгалийн өнгө үзэмж, баялагт шүлсээ дуслуулан шунасан хятад хүний ашигч зан, өлөн нүд, давхар хожоотой санаа ил харагдана. Жишээ нь Билэг өвгөн Чэнь Жэнь хоёр чонын сүрэг зээрийн сүргийг цасан хунгар луу шахан бүсэлж оруулаад үй олноор нь хядсаны дараа сум гарздахгүй нь гэж сэм баярлан үхсэн зээрнүүдээс тэргэнд ачин түүхий эдийн цэгт арьс, махтай нь тушаахаар холоос дурандаад хэвтэж байгаа юм. Тэнд бичсэнээр бол Монголын нутгаас Хятадын нутаг руу орсон зээрийн сүрэг буцан гарч ирдэггүй нь улам батлагдаж, цаанаа нарийн учиртай байсныг мэдэж болно. 1967 оны  үед нэг том ооно арьстайгаа 20 юань хүрдэг байсан бөгөөд энэ нь малчин хүний хагас сарын орлоготой тэнцдэг байж. Малчид тэр үед сардаа 40 юань л авдаг байжээ.  Мөн зээрийн арьсаар хятадууд дээд зэргийн савхин хүрэм хийдэг юмсанж. Хятадууд нисэгчийн савхин хүрмийг зээрийн арьсаар хийдэг боловч хятад нисэгч нарт түүнийг өмсөх хувь оногддоггүй, бүгдийг нь ЗХУ болон Зүүн Европын орнууд руу гаргаж ган, автомашин, зэр зэвсгээр сольдог байжээ. Одоо ч энэ хэвээрээ болов уу. Мөн зээрийн нурууны махаар хийсэн консерев их үнэд хүрдэг болохоор мөн л гадаадад гаргадаг гэх мэтээр бичсэн байгаа юм. Үүнийг уншихад Дорнодын талаар дүүрэн бэлчдэг байсан зээр сүүлийн жилүүдэд эрс цөөрсний учир ойлгогдож байгаа юм.

Зээрийн сүрэг авлах гэж буй чонын сүрэг шөнөжингөө тэвчээртэй хүлээсээр зээрийн давсаг нь чинэрсэн яг тэр үеэр шээх завдал өгөлгүй дайрч, давсаг нь хага үсэрч хөлийнх нь шөрмөс татсан зээрнүүд холдож чадалгүй бариулж байгаа тухай энэ номонд бичсэн нь хэр ортой вэ гэдгийг хэлж мэдэх юм алга. Үүнийг анчид л мэдэх байх. Гэхдээ л яаж ч бодсон хээрийн зэрлэг амьтад юу боллоо гэж цэргүүд шиг нэг цагт зэрэг шээх гээд гүрийж явах вэ дээ. Чононууд ч гэсэн “Одоо л цаадуул чинь шээнэ дээ” гээд хүлээгээд хэвтэж байна ч гэж юу байхав. Зян Рун зохиолч бас л дэгсдүүлчихсэн болов уу гэж бодогдож байгаа юм.  Ер нь энэ зохиолд чонын тухай хэтэрхий худал хуурмаг зүйл их гарахаас гадна хэт дөвийлгөж дэгсдүүлсэн зүйлс цөөнгүй бий. Жишээ нь нисдэг чонын тухай гарна.  Хятадын ушу, кунфугийн мастерууд л дотоод хийгээ ашиглаад нисч дүүлдэг юм шигээр өөрсдийн нь хийсэн кинонууд дээр гардаг болохоос чоно нисдэг талаар нэг ч монгол хүн дуулаагүй гэж мөрийцсөн ч алдахгүй. Зян Руны зохиолд нэгэн айлын гурван метр орчим өндөр /ийм хашаан дээгүүр хүн ч давах аргагүй/ чулуун хороон дээгүүр сүрэг чоно дүүлэн нисч ороод бүх хонийг нь хядчихаад буцаад нисээд гараад явчихсан тухай тун сонирхолтой түүх гарч байгаа юм. Ингэхдээ хамгийн том  биетэй чоно нь хана түшин хойд хоёр хөл дээрээ зогсоход бусад нь түүний мөрөн дээр шатлан гарч чулуун хорооны дээр гармагцаа нисэх мэт дүүлээд орчихсон юм шиг л бичсэн байгаа юм. Буцаад гарахдаа бүр сонин. Хашаан дээгүүр дүүлж орсон чононууд үхсэн хонины сэгийг дээр дээр нь давхарлан тавьж өндөрлөөд дээгүүр нь дүүлээд гараад явчихна. Хятад зохиолчийн тархины аль хэсгээс ийм сонин санаа гарсан юм бэ ёстой ойлгомжгүй. Амьхандаа чоныг хүнээс илүү ухаантай болгож харагдуулахын тулд ийм хэтрүүлэг хэрэглэсэн юм байх даа зайлуул гэхээс өөр цагаатгах арга ч олдохгүй байгаа юм.

Мань эр ахиад жаахан хадуурсан бол Өвөр Монголын чононууд хүнтэй адил хонь мал алж иддэг ч юм шиг бичих байсан биз ээ. Монголчууд чонын соёо хүрсэн мал амьтны махыг огт иддэггүй. Шүдний хор орсон гэж сэжиглээд ойртдог ч үгүй. Харин энэ зохиолд Билэг өвгөн болон суурь малчид огт тоохгүй чоно хүүлсэн зээрийн мах шарж идээд архи ууж суугаа нь бас л нүүдэлчдийн ахуй амьдралаас тэс хөндлөн санагдаж байгаа юм. За яахав 1967 оны Соёлын хувьсгалын их өлсгөлөнгийн үеэр  өвөр монголчууд ёсонд хазгай юм их хийж, чононд бариулсан мал амьтны махыг жишим ч үгүй идэж байсан байж магадгүй гэж бодъё. Гэхдээ л энэ зохиолын үйл явдал цаашаа өрнөх тусам л монгол үндэстний онцлогийг гажуудуулах буруугаар ойлгуулах зүйлс хөврөөд л байна. Цасанд булагдсан зээрийн сэг зэмийг үхэр тэргэнд ачих үед монгол биш яг л хятад хүний нарийн тооцоо гарна. Бэлчээрээ зээрээс харамлах дээр хүртэл жинхэнэ нанхиад санаа гарна. “Адууны шээс өвсийг түлж хордуулдаг” гэх мэтийн өгүүлбэрүүдээс л харахад болно. Тэгж байтал Ар Монголоос хил даван орж ирсэн чонын сүрэг бэлтрэгээ суйлуулснаас болоод Хятадын ардын чөлөөлөх армийн өмч болох цэргийн агт руу нарийн төлөвлөгөөтэй халдан довтолж ихэнх агтыг нь намаг руу шахан бараг бүгдийг нь хүйс тэмтэрч орхиж байгаа тухай нэг хэсэг бас гарна. Хувьсгалт цэргийн агтанд ар Монголын чоно халдана гэдэг бараг л дайн зарласантай ижил үйл явдал болж, хятадууд чоныг бөөнөөр нь хоморголон хядаж, үүр нүхнээс нь бэлтрэгийг нь хайр найргүй суйлж эхлэх бөгөөд үүний үр дүнд Өвөр Монголын их тал чоногүй болох түүх эхэлж байгаа болой. Яг энэ үеэр өөр нэг инээдтэй үйл явдал гарч, туслах малчин хятад залуу Чэнь Жэнь нэгэн чонын бэлтрэг тэжээж эхэлнэ. Гэвч бэлтрэг гурав дөрвөн сартай болмогцоо араатан авираа гарган уурлаж дайран гарыг нь ураад хаячихна. Хятад залуу ч уурлан чонын бэлтрэгний хурц соёонуудыг бахиар суга хуга татаад хаячихаж байгаа юм. Шүдгүй чоно яаж амьдрах билээ дээ. Чухамхүү хятад хүн л чонын бэлтрэг тэжээвэл ийнхүү шүдийг нь сугалж аваад тэжээх байх даа гэж бодохоос өөрийн эрхгүй инээд хүрнэ. Нөгөө чонын бэлтрэг нь шүдээ суга татуулсан шархаа дийлэлгүй цус алдсаар үхэж байгаа юм. Энэ л ганцхан бодит дүрслэл байж магадгүй.

Хятад зохиолч Зянь Рун өөрөө Өвөр Монголын малчин айлд 1967-1978 оны хооронд 11 жил туслах малчнаар амьдарсан гэхэд арай дэндүү амьдралгүй муу зохиол бичсэн хүн гэж хэлэхэд болно. Тэр тусмаа чонын талаар огт мэддэггүй зүгээр л хүнээс сонссон нэмэр хачиртай зүйлээ будаа идэж бичсэн юм шиг санагдана. Энэ мэтээр инээд хүргэсэн энэ номноос харин хятад хүний дотор ухаан байнга цухалздаг гэдгийг дахин дурдая. Хятад оюутан Олонбулагийн тарваганы талаар бодож байхдаа л зурам нь хүртэл нэг жин махтай Ханжоугийн хархны махнаас илүү амттай учир тийш нь зөөвөл их ашиг олно доо гэж хятад ухаанаар тооцоолж байгаа юм. Мөн хөлсний хятад ажилчид Өвөр Монголд барилга барихаар ирэхдээ гол нуурын эрэг дээрх шувууны өндөгнүүдийг юу ч үлдээлгүй түүж идэхийн сацуу галуу, нугас, хун гээд бүх усны шувуудыг алж идээд эцэст нь чоно хүртэл алж идэж байгааг харж болно. Ийнхүү Олонбулагийн тарвага зурам, чоно зээр сураггүй болсны дараа тус нутагт үлийн цагаан оготно үржиж, газар нутаг цөлжиж эцэстээ нүүдлийн мал аж ахуй орших ямар ч нөхцөлгүй болж байгааг харуулснаараа Зян Рун хятад тариачны амьдралын хэв маяг нүүдэлчдийн амьдралын хэв маягтай огтхон ч зохицохгүй болохыг харуулсан байв. Үүнийг нь манайхны зарим нь тариачны соёлыг эсэргүүцэн талын нүүдэлчдийг өмгөөлж хамгаалсан “монгол” сэтгэхүйтэй зохиолч хэмээн буруугаар ойлгож Зян Руныг шүтэн биширч байж ч магадгүй. Гэвч үнэндээ тийм биш. Тэр бол зүгээр л хятад үндэстэний үйлдсэн гэмийг илчилсэн хятад хүн юм. Мөн тэрбээр монголчууд ямар хүчирхэг байсан түүхийг дурдах тоолондоо хятадууд хонь шиг номхон, дайтах чадваргүй сул дорой үндэстэн байсан болохыг яруухнаар өгүүлсэн байлаа. Энэ нь монгол уншигчдын сэтгэлийг их л татсан байх. Гэвч энэ бол Зян Руны монголчуудад хайртайдаа бичсэн зүйл огт биш угаасаа л бодит түүх юм. Үүнийг үгүйсгэх арга ч байхгүй. Зохиолын төгсгөл хэсэг рүү Олонбулагийн талд барилгын цэргийн нэгтгэл нүүж ирэн алдартай үзэмчин адууны нутаг Унаган голын сав тэр аяараа газар тариалангийн бүс нутаг болон хувирч байгаа тухай тун эвгүй дүрслэл бий. Бээжин жийп унасан хятад цэргүүд тэнгэрт вандуйн чинээ харагдах бүргэдийг хүртэл автоматаар буудаж унагаад, Олон булагийн талын чоныг авлаж эхэлснээр амьтад амьд үлдэхийн төлөө тэмцэж, Өвөр Монголоос дүрвэсэн чононууд хилийн дээс гатлан Ар Монгол руу гарч байгаа тухай өгүүлнэ.

Энэхүү ав хоморгын үеэр хятад цэргийн дарга нар чонын мах идэх үү үгүй юу хэмээн хоорондоо ийнхүү ярьж байгаа юм. Жэнь Чэнь “Та нар арай чонын мах идэх гээгүй биз дээ. Малчид чонын махыг гашуун гээд иддэггүй юм шүү дээ” гэхэд жолооч Лю “Шал дэмий үг байна. Нохойн махнаас өөрцгүй байдаг юм. Би нутагтаа хэдэн ч удаа идэж үзэхэд нохойн махнаас илүү амттай санагдсан шүү. Чи энэ чоныг хар. Ямар тарган чоно байна вэ? Чонын махыг нохойны махтай адилхан амталдаг юм. Эхлээд нэг хоног хүйтэн усанд сойж шивтрийг нь сайтар арилгах хэрэгтэй. Тэгээд сармис халуун ногоогоор амтлаад  идэхэд мөн ч янзтай шүү. Манай нутагт аль нэг айл чонын мах чанах юм бол тосгоныхон тэр аяараа тэднийд цуглардаг байж билээ. Чонын мах идэх нь цөс сайжруулж хий хуйг хөөдөг гэлцдэг юм” гэж өгүүлж байгаа юм. Мөн Жэнь Чэнь, Зи Юань хэмээх оюутантай хамт чононд бариулж үхсэн унаганы махаар бууз хийж идэж байгаа хэсгийг доор зориуд оруулъя. “...Унаганы махан бууз уур савсуулан гарч ирлээ. Жэнь Чэнь буузыг сэвэх зуураа тэсэлгүй нэгийг авч үмхээд “Ай мөн амттай байна шүү. Үүнээс хойш шархтай унага гарах болгонд гэр лүүгээ зөөж байдаг юм шүү” гэж дуу алдана” Энэ мэтчилэн идэж уух юмтай холбоотой хэсгүүд буюу жинхэнэ хятад тариачны мөн чанарыг харуулсан, ходоодны нь шүүсийг ялгаруулсан хэсэг  хуудас болгонд таарна. Мөн хятад оюутнууд юм л бол “Монголын энэ баян тансаг тал нутгаас тариачин бидэнд суралцах юм мөн ч их байна шүү” гэж дуу алдаж байгаа тухай гарна. Олонбулагийн тарвагыг үүр үндсээр нь хядаад дуусгаж байгаа хөлсний хятад ажилчид мөндөл урхидаж бариад сүүлэнд нь бензинд дүрсэн эсгий  уяж гал тавиад нүх рүү нь буцаан оруулж дотор нь байсан бүх тарвагыг нь хөөн гаргаж харгис хэрцгий аргаар хядаж байгаа тухай хэсэг ч гарна. Иймэрхүү харгис аллагын тухай зөндөө гарна даа ер нь. “Чонон сүлд” романы төгсгөл үед Олонбулагийн талд чонын сүрэг үзэгдэхээ байсны дараа барилгын цэргийн нэгтгэлээс нутгийн айлуудын нохойг цөөрүүлэх тушаал буулгаж байгаа тухай бичсэн байгаа юм. Зян Рун үүнийг “Түүний цаад санаа нь хэмнэгдсэн махыг аж ахуйнуудад хувиарлан олгох гэсэн хэрэг байлаа” хэмээн тайлбарласан байв. Ийнхүү малчин айлын том биетэй хоточ нохдыг хядаж эхлэх бөгөөд чонотой  уралцдаг Арслан нэртэй нохойг гэрээсээ зайдуу явахад нь цэргийн ачааны машинтай хүмүүс давхин ирж буудаад ачаад явчихаж байгаа юм. Өвөр Монголын газар шороог сүйтгэж, дээр нь амьдарч байсан ан амьтан, араатан шувуудыг юу ч үлдээлгүй устгасан хятадууд монгол нохойг устган үгүй хийж байгаа тухай энэ зурвас хэсэг бидэнд асар их юм хэлж байгаа юм шүү.

1998 оны эхээр буюу гучин жилийн өмнө Өвөр Монголын тал нутагт туслах малчнаар ирж байсан хоёр эр гоёмсог хөх өнгийн “Бээжин” жийп хөлөглөн Өвөр Монголын тал нутагт очихоор давхина. Олонбулагийн тал тэр аяараа цөлжиж элс ихтэй болсон байх бөгөөд энд тэндгүй бэлчээр нутгийг хашаалан хорих лагерийн өргөст төмөр утсаар хашаа татсан байхтай таарна. Шавар тагз байшин л их болсноос бус монгол гэрийн бараа ч ховордсон байх ажээ. Хоёр хятад төмөр утсан хашааг тойрч сүлжин явсаар Бат, Галсмаа нар дээр хүрч ирнэ. Талийгаач Билэг өвгөний хүү Бат /Галсмаагийн нөхөр/ ихэд ууртайгаар “Манай эндхийн уугуул иргэд архинд толгойгоо мэдүүлж хамаг малаа зарж, авгай хүүхдээ хөөж явуулчихаад өөрт ноогдсон бэлчээрээ бусдад ганц хоёр түмэн зоосоор түрээслүүлж архи гударч суудаг болсон. Газар тариалангийн бүсээс ирсэн цагаач иргэд л бэлчээрийг нь түрээсэлдэг юм. Тэд 500 хонь бэлчээх газарт 2000-3000 хонь өсгөж газрыг улаан халцгай болтол нь мэрүүлээд цөлжсөн хойно нь түрээсийн гэрээгээ цуцалж, хонь малаа бүгдийг нь зараад хаашаа ч юм бэ алга болдог” гэж ярина. Энэ бол Хятадын цагаач иргэдийн үнэн нүүр царайг харуулсан үг юм. Энэ хэсгийг ч гэсэн монголчууд бид сайтар тунгааж эргэцүүлж унших ёстой. Ерөнхийдөө энэ ном нь чонон сүлд гэсэн сүрлэг нэртэй ч тун даржин зохиол юм. Энэ зохиолд гарч буй чононууд хэчнээн сүр сүлдгүй амьтад болох нь сэтгэлд бууж, нүдэнд хүртэл харагдаж байгаа билээ. Энэ номын зохиолч аргагүй л тариачин хүн гэдэг нь ч харагдана. Романыхаа төгсгөлд зохиолч Зян Рун Хятадын эртний түүх шастирууд дээр түшиглэн монгол, хятад хоёр нэгэн гаралтай ахан дүүс гэсэн гаргалгааг  хийхийг зорьсон байв. Монголчуудын өвөг Хүннү нарын эцэг дээдэс нь Цянь Рун нэртэй нүүдэлчин аймаг байсан. Хан үндэстэн болон Цянь Рун аймаг нэгэн цагт нэгдмэл нэгэн үндэстэн байсан гэж Хятадын түүхэнд бичсэн байдаг юм байх. Зохиолч өөртөө Зян Рун нэр өгсөн нь өөрийгөө монголын өвөг аймгийн төлөөлөгч болгож ойлгуулахын тулд зориуд ийм зохиомол нэр сонгож авсан юм байна гэдэг бодол төрүүлж байгаа юм. Энэ талаар зохиолын гол баатар илгээлтийн эзэн Чэнь Жэнь инээмсэглэн “Тийм болохоор л Хятадын эх газар дахь нүүдэлчин үндэстэн болон тариачин үндэстнүүд нэг үндэс гаралтай, тэнгэр эцэгтэй, тал нутаг эхтэй ахан дүүсүүд бөгөөд энэ утгаараа тал нутгийн нүүдэлчид ах нь, харин хятадууд дүү нь болж таарах юм”, “...Хожим сул дорой дүү нь босох тэнхэлгүй болох үед хүчирхэг ах нь дотор газрыг эзлэн сууж төрийг түвшитгэн захирч соёл иргэншлийг нь өөд нь татсаар өрнөдийн иргэшил лугаа уулзуулж өгсөн юм. Ах дүү хоёр үндэстэн ийнхүү өвөрмөц хэлбэрээр...” хэмээн бодож байгаагаар өгүүлсэн нь энэхүү номыг бичсэн гол утга учир юунд оршиж байгааг харуулсан хэрэг биз ээ.

Түүнчлэн тал нутгийн чонын цустай омголон нүүдэлчид үеийн үед Хятадын номхон тариачдын цусыг сэлбэн хүчирхэгжүүлж өгч байсан хэмээн дурдсан нь хачирхалтай. Үүний хажуугаар тариачны үзэл суртлыг номлодог Күнзийн сургаал өнөөдөр хоцрогдож номхон хүлцэнгүй бус харин Монголын тал нутгийн чононууд лугаа хүч түрэмгий, ухаан сийрэг, эрэлхэг зоригтой байвал Хятад улс хөгжин дэвшиж их гүрэн болж чадна хэмээн онцолсон нь нэгийг бодогдуулж байгаа билээ. Талын нүүдэлчдээс олон мянган жилийн турш айж чичрэн дарлуулж, хэдэн мянган км үргэлжилсэн их цагаан хэрэм барьсан хан үндэстэнд нэгийг бодуулах гэсэн далд зорилгыг нь л сайн гэж үнэлдэггүй юм бол энэ ном нь бичлэгийн хувьд залхуутай нуршуу, дүр дүрслэлийн хувьд элэг хөшөөм бүтээл болно. Гэхдээ энэ номыг үл тоож болохгүй. Муу гэж голж бүр болохгүй. Харин хэд дахин уншаад тал нутгийг минь эзэгнэхээр ирж буй хятад цагаач нарын талаар “Илжгэн сүлд” нэртэй зохиол бичих нь зөв юм шиг санагдаж байна. Илжигний нүдээр гэрийн тэжээмэл нохойг чоно хэмээн андуурч харсан хүнд зориулаад ийм ном бичихэд нэг их буруудахгүй. Хятадууд угаасаа илжиг гэдэг амьтанд ухаангүй хайртай шүү дээ.

Д.Бүүвэй
Эх сурвалж: “Элдэв явдал” сонин №2